Төрийн ордонд багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөлдөж эхэллээ


“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно.

Улсын хоёрдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа илтгэл тавилаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголын боловсрол, монголын багш нар монгол ухаан, соёл, уламжлал, эрдэм боловсролыг хойч үед өвлүүлж, монгол хүний хөгжлийг хангаж, улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгааг хангах эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Зөвхөн сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа.

Сургалтад мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, цахим сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэрүүдийг хөгжүүлж бусад нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангах, сургалтыг чанартай, үр дүнтэй болгох шаардлага бий болж байна” гэж илтгэлдээ тэрбээр онцоллоо.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөнд оролцогчдын 70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотод 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна.

 

 

Т.Амараа

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …