Афганистанд халдлага болж 18 хүн амь эрсэджээ

Афганистаны нийслэл Кабул хотын зургаан давхар “Intercontinental” зочид буудал руу галт зэвсэгтэй этгээдүүд өнгөрсөн бямба гаригт орон нутгийн цагаар 21:00 цагт халдаж нутгийн дөрөв, гадаадын 14 иргэн амиа алдаж нэлээд тооны хүн шархаджээ.

Барууны албаныхантай хамтарсан Афганистаны тусгай хүчнийхэн зочид буудлын дээвэр дээр нисдэг тэрэгтэй бууж галт зэвсэгтэй этгээдүүдтэй тулсан мөргөлдөөн 13 цаг үргэлжилсний эцэст алан хядагчдыг устгасан.

Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Насрат Рахимийн мэдэгдсэнээр халдлага болсон зочид буудлаас 160 хүнийг аварсны 41 нь гадаадын иргэн аж. Кабулын цагдаагийн албаныхан есөн Украин, нэг Герман, нэг Грек, нэг Казак хүн амиа алдсан болохыг BBC-д мэдээлжээ. Афганистаны нисэх онгоцны буудал болох “Kam Air”-ын зарим ажилтан амь үрэгдэж, зарим нь сураггүй болсон.

Зочид буудлын менежер халдагч этгээдүүд зочид буудал руу гал тогооны хаалгаар орж ирсэн болохыг мэдээлжээ. Халдлагын хариуцлагыг Талибан хөдөлгөөнийхөн хүлээхээ мэдэгдсэн.

Гадаадын иргэдийн дунд нэлээд алдартай “Intercontinental” зочид буудалд тухайн үед компьютерын технологийн салбарын шинжээчдийн их хурал болж байжээ. Уг арга хэмжээнд Афганистаны Засгийн газрын төлөөллүүд ч байсан байна.

Талибан хөдөлгөөнийхөн уг зочид буудалд 2011 онд халдлага хийж байсан ба 10 гаруй хүн амиа алдаж байсан удаатай аж.

Талибан гэх хөдөлгөөн 1979-1989 онд Хельменд, Кандагар мужид гол төлөв мед­­ресийн (шашны сургууль) оюутан сурагчдаас бүрдэж лалын фундаменталист хөдөлгөөн болж төлөвшжээ. Угсаатны хувьд дийлэнхи нь пуштун, үзэл суртал нь лалын хэт тулгуур фундаментализм, өрнийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална.

Тэд Кабулыг 1996 онд эзлэн авч, 1997 онд Герат, Мазари-Шарифт хяналтаа тогтоож, 2000 он гэхэд Умардын альянс гэх мужахедуудын отрядыг Афганистаны төв мужуудаас үлдэн хөөж, зүүн хойд Бадахшан муж руу шахсан байна.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …