Татвар нэмэгдэж, утаа ихэссэнд бид л буруутай /Фельетон/

Баахан татвар нэмэгдсэн байна. Тийм үү. Одоо дагаад юмны үнэ өснө. Тэгэлгүй яадаг юм бэ. Цалин бага байхад татвар нэмээд байна гэж та нөхөд гомдоллох хэрэггүй. Анхнаасаа л бүсээ чангалчихсан яваагаа энэ төр засагт ойлгуулж чадсан бол юу гэж татвар нэмэх вэ дээ.

Тэгэж байхад, iphone бариад, булга өмсөөд, алт монет хүзүү, хуруундаа гялалцуулаад явахаар чинь биднийг бүсээ чангалж, тартагтаа тулчихаад байгаа гэж хэн итгэх юм бэ? Та биднийг өөрөөсөө ч харамлан байж 2-3 жилийн хугацаатай лизингээр гар утас худалдаж авч байгааг хэн ч мэдэхгүй. Магадгүй дахин зээл авахаар хүсэлт гаргах үед банкны эдийн засагч л бидний тартагтаа тулчихсан гэдгийг ойлгоно. Түүнээс бусад нь боломжийн сайхан амьдарч байна гэж атаархсандаа адилхан утас авч бариад төрийн түшээдэд буруу ойлголт өгөөд байна шүү дээ. Ийм байхад татвар нэмэлгүй яадаг юм. Бүгдээрээ 3310-аа барьчихаад нэгж алга, та залга гээд явж байсан бол цаадуул чинь санаа нь зовоод цалингаасаа илүүчилж мэдэх л байсан. Тэгэхээр татвар нэмэгдсэн хэний буруу вэ. Бидний буруу байх нь.

Үүнээс гадна утаа, утаа гээд л үхчих гээд байгаа юм шиг. Үнэхээр амьсгалахад хэцүү үеүүдийг даван туулж байгаа нь үнэн. Гэвч яг “утаагаа багасгая” гээд эсэргүүцэл илэрхийлээд жагсаал цуглаан хийе гэхээр ирдэг хүн байхгүй шүү. Уг нь фейсбүүкээр дүүрэн төрийн хараасан, утаа тээршаасан хүмүүс. Тэгсэн талбай дээр нөгөөдүүл маань алга аа. Ингээд байхаар чинь засаг төр чинь “утаа байгаа ч юм уу, үгүй ч юм уу, хортой ч юм уу, үгүй ч юм уу, хэн тогтоосон юм бэ” гээд яриад байх нь аргагүй шүү дээ. Аан тийм. Уг нь утаанд угаартаад болохоо байчихсан хүмүүс юмсан. Тэгсэн оны сүүлийн шоунд гадаа -30 хэмийн хүйтэн байхад хүүхдээ дагуулчихсан талбай дүүрэн манайхан. Оны эхний нарыг харах гээд уул овоо битүү. Ийм байхаар чинь биднийг худлаа тоглоом, наргиан хийгээд байна гэж ойлгоод байгаа юм биш үү, энэ төрийн ордныхон чинь.

Тэгэхээр утаа их байгааг тэдний нүдэнд харагдаж, аманд нь амтагддал, татвар нэмэгдээд хэцүү байгааг тэдний халаас нэмгэртэл л мэдрүүлэх ёстой юм. Тэгэж л гэмээн бид хүссэндээ хүрч, тэд ажилласан шиг ажилладаг болох байх. Харин одоо бол маньтайгаа адилхан тоглоом наргиан хийсэн шигээ сууж байна. Гэхдээ тэдний наргиан өндөр төлбөртэй. Тэр төлбөрийг бидний татвараасаа төлсөөр л…


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …