“IKEA” компанийн эзэн Ингвар Кампрад таалал төгсчээ

Дэлхийд нийт 412 салбартай, 194 мянган ажилтантай, Нидерландад төвтэй Шведийн “IKEA” тавилгын худалдааны компанийн эзэн Ингвар Кампрад 91 насандаа Смаланд аймаг дахь гэртээ өнгөрөгч бямба гаригт таалал төгслөө.

Тэрээр компаниа анх 75 жилийн өмнө байгуулж байжээ. Тэрбумтан болтлоо амжилттай ажилласан ч даруу, төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн Ингвар тавилгын салбартаа Стив Жобс байсан. Худалдааны салбарт хувьсгал хийж, загварын өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан байдаг.

Хамт олон нь түүнийг “Тэр энгийн даруу, ажилч хичээнгүй, эелдэг, хөгжилтэй, жинхэнэ бизнесмен, жинхэнэ Швед хүн байсан” хэмээжээ.

Тэрээр 1926 оны гуравдугаар сарын 30-нд Шведийн өмнөд хэсэгт төрсөн аж. Долоон настайдаа ирээдүйн дэлхийн хэмжээний корпорацын эзэн хөршүүддээ чүдэнз худалдаж байжээ. 17 насандаа “IKEA”-г үүсгэн байгуулах санаагаа гаргасан. Эхэндээ бараагаа шуудангаар шилжүүлдэг байснаа дараад нь 1958 оноос томоохон агуулахад угсармал тавилгуудаа зардаг болжээ.

Арвич хямгач байсан тэрээр өөрөө гэрийнхээ тавилгыг 15 жил болоод нэг сольж, онгоцонд энгийн зорчигчдын суудалд суун, А4 цаасны хоёр тал дээр бичвэр хэвлэж, заримдаа хуучин хувцасны дэлгүүрээс хувцсаа авдаг байж.

Одоогоор түүний компанийн менежментийг гурван хүү нь хариуцаж байна. Жилдээ 50 тэрбум еврогийн ашигтай ажилладаг тавилга гэр ахуйн барааны “IKEA” компани өдгөө дэлхийн 49 оронд 412 салбартай.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …