Сөүлд дараа жилээс дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ирэх оноос хуучин бүх дизель хөдөлгүүртэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Энэ нь агаарын бохирдол, тоос, шороо ихэссэн явдалд авч байгаа арга хэмжээ аж.

Чингэхдээ Сөүл хотод байгаа бүх тээврийн хэрэгслийг хамгийн цэвэр(0)-ээс хамгийн их утаа тортог ялгаруулдаг(6) гэж долоон хэсэгт ангилна. 2005 оноос өмнө үйлдвэрлэгдсэн, утаа их ялгаруулдаг, дизель хөдөлгүүртэй бүх машиныг зургадугаар хэсэгт ангилагдана гэж төлөвлөж байгаа бөгөөд ирэх оноос хотын төв рүү нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

Сөүл хот өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш “Ногоон бүс” байх зорилтыг тавьж хэд хэдэн ажлыг хэрэгжүүлээд байгаа билээ.

Энэ сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хотын дарга Пак Вон-соон хувийн компаниудыг үүнд идэвхтэй оролцож, дотроо зарим зохицуулгыг хийхийг уриалсан. Электрон хэрэгслийн Woongjin Coway зэрэг 23 компани хотын замын хөдөлгөөний шинэчлэлтэй хамтрахаа илэрхийлжээ.

2003 оноос хойш хотын удирдлага нийт 340 мянган машинд утаа ялгаруулалтыг бууруулах төхөөрөмж суулгаж өгсөн. Одоогоор ийм төхөөрөмжгүй 1,578 тээврийн хэрэгсэл байгаа гэсэн тооцоо гаргаж, тэдгээрийг илрүүлэх ажил хийж байгаа.

Утаа ялгаруулалтыг бууруулах төхөөрөмж суулгаагүй машинд хоёр сая вон хүртэлх торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …