4,400 жилийн түүхтэй бунхан олжээ

 

Египетийн археологийн багийнхан эртний төрт улсын үед амьдарч байсан хааны угсааны Хетпет гэх эмэгтэйн бунханг олжээ. Түүхээс үзвэл 4,400 жилийн тэртээ Хетпет тавдугаар гүрэн улс мөхөх үед хааны ордонд өндөр албан тушаал хашдаг байсан аж.

Бунханг Каир хотоос холгүй, Нил мөрний баруун эрэгт орших Гиза хотоос малтлага хийж байх үеэр олсон байна. Эндээс сүүлд 1842, 1909 онд хааны угсааныхны бунхан олж байсныг эртний эд зүйлс судалдаг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мостафа Вазир хэлсэн. 1909 онд олсон олдворыг Берлиний түүхийн музейд шилжүүлжээ.

Эндээс “L” хэлбэртэй орох хаалга, хананы зураг, ариуслын ёслолд хэрэглэдэг байсан усан сан, тахилгын ширээ, утлагын тавиур зэргийг харж болох юм. Хананы зурагт хөгжимчид хөгжим дарж, бүжигчид бүжиглэн, Хетпетийн хүүхдүүд жимсээр дүүргэсэн тавгийн идээ барьсан байгаа болон хоёр сармагчинг дүрсэлжээ. Тухайн үед сармагчин гэрийн тэжээмэл амьтан байж.

Египетүүд археологийн олдворуудаа хадгалан хамгаалахад ихээхэн ач холбогдол өгдөг ард түмэн. Мостафа Вазир хэлэхдээ “Энэхүү өргөн уудам цөлөөс өөр олон олдвор олдохоор байгаа. Харин Хетпетийн занданшуулсан шарилыг одоогоор олоогүй байна” гэжээ.

Шинэ музейн барилгыг барьж эхэлсэн бөгөөд удахгүй ашиглалтанд орно. Музейд эхний ээлжинд фараон Рамсес II-ын бунхнаас олсон олдворуудыг байрлуулахаар төлөвлөсөн агаад үүнд том хэмжээтэй 43 баримал багтдаг.

Засгийн газар үүгээр дамжуулж аялал жуулчлал ч илүү хөгжинө гэж төлөвлөсөн. Сүүлийн үед хэт даврагсдын бослого хөдөлгөөн, төрийн тогтворгүй байдлаас болж аялал жуулчлал уналтанд ороод байсан.

Засгийн газар археологийн болон аялал жуулчлалын бүсийн хамгаалалтыг сайжруулж, нисэх онгоцны буудлыг засахад хэдэн сая ам.доллар зарцуулсан аж.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …