Их сургууль мэргэшсэн сайн дурынхан бэлтгэн гаргаж байгаа сайхан мэдээ байна. Нийгмийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа газар бүхэнд сайн дурынхны орон зай үгүйлэгдэж байдаг. Тиймээс ч их сургуулийн оюутнууд сайн дурын ажилд мэргэшиж, нийгэмд тустай үйлс хийж, бусад залуучуудаа үлгэрлэн дагуулж байгаа нь шинэ он гарч байгаа энэ мөчид сонссон хамгийн сайхан мэдээнүүдийн нэг байлаа. Ингээд энэ удаа Отгонтэнгэр Их сургуулийн “Сайн дурын төв”-ийн зохицуулагч багш Т.Болортой ярилцсан юм.
-Их сургуулийн танхимд сайн дурын үйл ажиллагаа буцалж байна. Сайн дурын үйл ажиллагааны төв, их сургууль хоёр нэг дор байхын ач холбогдол юу вэ?
-Дэлхийн даяаршил, эдийн засаг, техник технологийн дэвшил, хурдацтай хөгжил нь үйлдвэржилтийг түргэсгэхтэй зэрэгцээд байгаль орчинд асар олон сөрөг үр дагавар үүсгэж байгааг олон мэдээллийн эх сурвалжаас харж байна. Энэ их хөнөөлтэй, уршигтай сөрөг үр дагаврыг шийдвэрлэхэд асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүчин шаардлагатай. Гэтэл улс орнуудын хөгжлийн төвшин харилцан адилгүй байгаа өнөөгийн нөхцөлд хүмүүсийн ухамсар, сэтгэлгээнд нэлээд хүчтэй илэрч байгаа нэг хандлага бол “хүн хүнийхээ төлөө” байх гэсэн хандлага юм. Хүн байх хамгийн зөв төлөвшлийг оюутан ахуй үед нь суулгаж өгөх ёстой. Тэгэхээр их сургууль гэдэг зөвхөн шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалтаас хүн байх амьдралын ухаанд тулгуурласан сургалтанд гол анхаарлаа хандуулах цаг ирээд байна. Ирээдүйн багш болохоор суралцаж байгаа манай оюутнууд өнгөрсөн зургаан сарын хугацаанд бараг л мэргэшсэн сайн дурынхан болсон. Нийгэмд тустай, хүмүүст хэрэгтэй ажил хийгээд түүндээ дурлаад ирэхээр оюутнуудыг ертөнцийг үзэх үзэл, юманд хандах хандлага гэх мэт асар олон зүйлст өөрчлөлт орж байна. Хамгийн гол нь хүүхдүүд ирээдүйдээ болоод өөртөө итгэх итгэл нэмэгдэж байгааг харахад сайхан байдаг юм. Бусдад туслах, сайн үйл хийж чадна гэдэгтээ итгээд ирэхээр бусдыг ч бас дагуулаад эхэлдэг юм билээ.
-Сайн дурын үйл ажиллагааны төв нээх болсон шалтгаан юу вэ. Төрийн болон төрийн бус байгууллагын ийм төвүүдийн тухай сонсож байснаас их сургуулийн дэргэдэх төвийн тухай анх удаа сонслоо?
-2017-2018 онуудад хэрэгжих сайн дурын үйл ажиллагааны төсөлд Отгонтэнгэр Их Сургууль хамрагдан, Хүмүүнлэгийн сургууль дээр төвөө байгуулан ажиллаж эхлээд хагас жил болж байна. Тус төслийг “Койка” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон “Сайн хүн-сайн нийгэм” төрийн бус байгууллагын санхүүжилт, хөдөлмөр нийгмийн халамжийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд нийгэмд үйлчлэх байгууллагуудын олон талт оролцоог хангасан сайн дурын үйл ажиллагааны зургаан загвар төвийг байгуулсны нэг нь Отгонтэнгэр Их сургуулийн Сайн дурын үйл ажиллагааны төв юм. Отгонтэнгэр Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургууль дээр сайн дурын үйл ажиллагааны салбар төвөө байгуулан, 2017 оны 5-р сард нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, Хүрээлэн буй орчны асуудлыг шийдэх, бүс нутгийн асуудлыг шийдэх, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны гэсэн гурван клубыг байгуулан 11 оюутантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 120 оюутны бүртгэлтэй, идэвхтэй сайн дурын ажилтан 30 оюутантай ажиллаж байна. Хэрвээ манай төв амжилттай ажиллаад нийгэмд тустай ажлуудыг хийж чадвал энэ нь бусад их дээд сургуулиудад үлгэрлэн олноороо байгуулагдах байх. Энэ нь манай төв дээр ч ажиглагдаж эхлээд байгаа. 11 оюутантай эхэлж байсан манай төвд орж идэвхтэй ажиллах хүсэлтэй оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж байгаа.
-Сайн дурын үйл ажиллагаа дэлхийн аль ч улс оронд байдаг. Харин манай улсад арай ч хүчээ авч эхлээгүй санагддаг юм?
-Сэтгэл хөдлөл, үзэл бодлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс сайн дурын ажлаараа нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг, өдөр тутмын хэвшил, соёл бий болгосон жишээг олон улс орнууд харуулж эхэлсэн. Хамгийн тод бөгөөд ойрын жишээ бол БНСУ байна. Манай энэ төв ч Солонгосын “Go and Do” сайн дурын үйл ажиллагааны байгууллагаас Монголд нээгдсэн зургаан салбарын нэг нь шүү дээ. Нийгэмд мөнгөөр биш хүний хүчээр, сэтгэлээр шийдэх асар олон ажил бий. Энэ нь сайн дурын үйл ажиллагаагаар нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах зардлыг бууруулах боломжтой болохыг баталж байгаа хэрэг.
Манай улс өнөөг хүртэл нийгмийн халамжийн асуудлыг орхигдуулалгүй ирсэн ба одоо сайн дурын үйл ажиллагааг нийгмийн бусад салбарт өргөн дэлгэр түгээн дэлгэрүүлэх тодорхой тогтолцоог бүрдүүлэх цаг болсон санагддаг. Монголчууд бид хэзээнээсээ “тэвдэж яваа нэгэндээ тэвнээр тусалдаг” уламжлал сэтгэлгээтэй ард түмэн. Мөн нөгөө талаас яг өнөөдөр л бидэнд сайн дурын үйл ажиллагаа хамгийн чухал байна. Гол горхио цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, ахмад настандаа туслах, үр хүүхдүүдээ энэрэх гээд асуудал их байгаа учраас л сайн дурынхан улам олон болох хэрэгтэй байгаа юм.
-Танай сургуулийн СДУАТ-ийн онцлог юу вэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэвэл?
-Бид байгуулагдсан цагаасаа ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр өөрсдийн санаачлагаар, бусдын сайн сайхны төлөө гэсэн хүнлэг сэтгэлээр, цалин хөлс харалгүйгээр тууштай ажиллах сайн дурын ажилтан-оюутан бэлтгэн, сурган дадлагажуулах, иргэд, олон нийтэд чиглэсэн олон сайн дурын ажил, санаачлагыг дэмжих, манлайллыг бий болгохыг зорин ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд сайн дурын ажлыг системтэй удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр ханган, эх сурвалжид тулгуурлан ажилладаг, өөрийн өвөрмөц онцлог, дүр төрхтэй сайн дурын төвийн ажилтан бэлтгэх гурван сургалтыг зохион байгуулж 120 орчим иргэд, оюутнуудыг хамрууллаа.
2017 он бидний хувьд сайн дурын үйл ажиллагаанд суралцах, сайн дурын ажил хийх, төлөвлөн зохион байгуулахад анхлан суралцсан, эргэцүүлэн бодсон, алдаа оноогоо ухаарсан, дараа дараагийн алхмуудаа тодорхойлсон жил байлаа. Төсөл хэрэгжсэн 7 сарын хугацаанд нэлээд олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, сайн дурын үйл ажиллагааны гурван клубын 50 гаруй сайн дурын ажилд нийт 348 хүн оролцож, 110 цагийг зарцуулжээ.
Отгонтэнгэр Их сургуулийн сайн дурын төв 2017 оныг оюутан залуусынхаа хүч оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулж явууллаа. Тухайлбал, хүүхдэд чиглэсэн сайн дурын клуб нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийд орчимд амьдардаг айл өрхийн хүүхдүүдэд үйл ажиллагаагаа чиглүүлэн гарын доорх материалаар бүтээл хийх арга зүйд суралцуулан сургалт хийсэн. Бидний хийсэн ажил, сургасан бүхэн маань нэгээс нөгөөд дамжсаар яг л цэцэг шиг дэлгэрэх учиртай юм л даа. Мөн бидний үйл ажиллагааг хөрөнгө мөнгө, орон байраар дэмжин тусалж, сайн дурын ажилтан нартай хамтран ажилласан иргэд олон байсан нь материаллаг болон сэтгэл зүйн дэмжлэг өргөжин тэлэх нөхцөл бүрдэж байгаа нь харагдаж байлаа. Хүрээлэн буй орчны асуудлыг шийдэх чиглэлээр амжилттай хийгдсэн ажлуудаас онцолбол, 2016-2017 оны төгсөгчид СДҮАТ-тэй хамтран Отгонтэнгэр Их сургуулийнхаа ногоон байгууламж, түүний өнгө үзэмжийг сайжруулахад санаачлага гарган 600 гаруй олон наст мандлын цэцэг тарьж, зүлэгжүүлэх, зургаан анги танхимыг цэцэгжүүлэх ажлыг хийсэн нь үр дүнтэй, үлгэр дууриалалтай ажил боллоо. Нэгдсэн сайн дурын ажлаар харьяа хорооны иргэд, залуу ээж нарыг чадваржуулахад чиглэсэн гар урлалын таван цуврал сургалтыг зохион байгуулсан байна.
-Зургаан сар гэдэг ахархан хугацаа шүү дээ. Энэ богино хугацаанд та бүхэн үнэхээр их ажлын ард гарчээ. Ёстой л сэтгэл байвал ямар ч ажлыг хийж болдгийг харуулж байгаа танай төвийн залуусаар үнэхээр бахархаж байна?
-Тийм шүү. Оюутнууд нэг ажлаа дуусаад л хүмүүсээс их талархлын үг, баярласан сэтгэлийн хариуг сонсоцгоодог. Энэ бүхнээс урам зориг, эрч хүч аван дараагийн ажилдаа ханцуй шамлан орцгоодог доо. Манай оюутнуудыг бүх талаар дэмжин, үйл ажиллагаагаа явуулах бүхий л нөхцөл боломжоор хангадаг Отгонтэнгэр Их сургуулийн удирдлага, хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Сайн дурын төв байрлах өрөө, тавилга төхөөрөмж, интернет сүлжээнд холбох, цаг, хүн хүчний бүрэн дэмжлэгийг бид авч байна. Сайн дурын төвийн клубын ахлагч Б.Шинэчимэг нь өөрийн удирдсан хүүхдэд чиглэсэн сайн дурын ажлаараа шалгарч ОТИС-ийн 2017 оны Манлайлагч удирдагч оюутнаар шалгарсан амжилтыг үзүүллээ. Мөн манай төслийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлж шинэ ондоо илүү их амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе. Төсөл хэрэгжсэн жил хүрэхгүй хугацаанд олон зүйлийг амжуулсан, ажил бүтээл оргилсон өрнүүн ажлын жил байсан хэдий ч цаашид сайн дурын үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг тэлэх, судалгаанд түшиглэсэн сайн дурын ажлыг зохион байгуулах, сайн дурын ажилд оролцсон оюутныг үнэлэх механизмыг туршин нэвтрүүлэх зэрэг нэн чухал зорилтуудыг 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сайн санаагаар эхлүүлсэн энэ ажил өгөөжөө өгч улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа.