Манай Өглөө.МН сайтын редакцад ирсэн иргэний гомдлын мөрөөр бид сурвалжлагаа бэлтгэдэг. Энэ удаад Баянзүрх дүүргийн Дарь Эхэд амьдардаг оршин суугчдаас хоёр гомдол ирсэний дагуу сурвалжиллаа.
Иргэдээс ирсэн эхний гомдлын нэгдүгээрх нь нийтийн тээврийн хүрэлцээгүй асуудал буюу Ч 29:Сэлбэ Бэлх Дарь Эх Вокзалын автобусны хүрэлцээ муу талаар. Хоёрдугаарх нь гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг сурвалжилсан сурвалжлагаа хүргэж байна.
Биднийг Багшийн дээдийн автобусны буудалд очиход Дарь Эхийн чиглэл руу явах автобусаа хүлээсэн хорь гаруй хүн байв. Ингээд Дарь Эхийн зүг руу явах хүмүүсийн хамт 18:00 цагаас 19:50 минут хүртэл автобус хүлээсний эцэст суулаа.
Багшийн дээдээс хөдлөөд дараа дараагийн буудал болгон дээр зогсоход мөн л бидний адил хоёр цаг автобус хүлээсэн хүмүүс бүгдээрээ автобусанд, шпрот адил, ямар ч хүн зөрөх зайгүй болов. Тус автобусанд суусан иргэдийн дийлэнх нь хичээлээ тараад явж байгаа бага насны хүүхэд, ахмад настан байв. Автобусанд муухай хувцастай, архи үнэртүүлсэн иргэд оройн цагаар зорчих нь элбэг. Биеэ ийнхүү авч явж буй хүн бусад зорчигчийн ундууцлыг хүргэнэ. “Муухай архи үнэртүүлчихээд, хол очиж зогс!, яах гэж суудаг юм” гэж 40 орчим насны эмэгтэй уурлав.
Ингээд бид автобусанд зорчиж буй иргэдийн байр суурийг сонслоо.
БЗД-ийн 22-р хорооны иргэн Б.Бат: Үнэхээр бухимдалтай байна. Миний суусан автобус Улсын Их Дэлгүүрээс багшийн дээдийн автобусны буудал хүртэл бүтэн хоёр цаг түгжирлээ. Энэ одоо ямар учиртай юм. УИХ-ын гишүүдэд зам тавьж өгөх гээд түгжрэл үүсгэлээ л гэж бодож байна. Уг нь өдрийн цагаар ар араасаа зэрэгцээд ирдэг л дээ. Яг орой ажил тарах эд үеэр автобус удаж ирэх нь иргэдийг хохироож байна.
БЗД-ийн 27-р хорооны иргэн С.Чулуунбаатар: Хотын дарга Аз жаргалтай хотыг бий болгоно. Хүйтний улиралд нийтийн тээврийн тоог орой ажил тарах үеэр нэмсэн гээд байгаа нь хаана байна. Дарь-Эхэд амьдардаг бид нар өвлийн хүйтэнд автобусны буудал дээр олон цагаар автобус хүлээмээргүй л байна. Зарим чиглэл буюу Шархад, Офицер, Улаан-хуарангийн чиглэл руу л бараг таван минутын зайтай автобус ирж байна. Манай Дарь-Эхийн чиглэл руу автобусны тоог нэмэх асуудлыг хурдан шийдэж өгөөсэй. Өвөл ч гэлтгүй зун ч Дарь-Эхийн чиглэл удаан хүлээлгэдэг.
Энэ үеэр Сансрын шатахуун түгээх станцын автобусны буудал дээрээс жолооч зорчигчдоо аваад хөдлөхөд цагдаа хүний даац хэтрүүлсэн гэж автобусыг зогсоов. Автобусны жолооч ч цагдаатай уулзахаар гарахад зорчиж байсан иргэд суудлын тээврийн хэрэгслүүдийг зогсоодоггүй юм байж автобус зогсоолоо цаг гаруй автобус хүлээгээд суухад одоо ингээд зогсоочихлоо хэмээн бухимдлаа.
Жолооч ирж автобус хөдөлсний дараа бид Дарь -Эхийн эхний буудал болох дундын буудал дээр буугаад Дунд Дарь Эх 43 гудамжаар өгсөхөд хол хол байршуулсан гэрлийн шонтой, эдгээр гэрлийн шонгуудийн хоёр гэрэл нь шатах гэж байгаа юм шиг анивчдаг, хүн халтирч унаад хөл гараа гэмтээх магадлал тун өндөр, мөстсөн гудамж биднийг угтлаа. Залуу хүмүүс унах вий гэсэндээ бүдчин алхаж байхад ахмад настай болон бага насны хүүхдүүд яаж явдаг бол гэсэн эмзэглэл төрлөө.
Одоо бид эдгээр асуудлыг яг хэнээс асуух ёстой юм бэ?
БЗД-ийн 22-р хороо, 27-р хороо болох Дарь-Эхийн чиглэлийн нийтийн тээврийн тоог нэмж болдоггүй юм уу. Хуучин нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд богино эргэлтээр үйлчилдэг байсан. Тэр үйлчилгээг дахин нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингэж зорчиход одоо бол ахмад настай хүмүүст л дамжин суухад чирэгдэл учруулах болохоос биш, залуучууд бидэнд уг нь асуудалгүй. Учир нь U money картаар зорчдог болсноос хойш 500 төгрөгөөр хоёр удаа автобусанд дамжин суух боломжтой болсон.
Дараа нь гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал хөндөгдөнө.
Уг нь гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудлыг яаралтай шийдэх боломжтой. Одоогийн байдлаар Хан-уул дүүрэг, Баянгол дүүргийн гэр хорооллын гудамж гэрэлтүүлэг сайтай. Гэтэл жил болгон Нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт гэрэлтүүлгийн асуудлыг шийднэ гэж төсөвт нь төсөвлөгдсөн байдаг. Энэхүү төсвөөрөө гэрэлтүүлгийн асуудлаа шийдэж болно. Эсвэл нэг гудамжинд амьдарч буй айлууд мөнгөө нийлүүлж гэрэлтүүлгийнхээ асуудлыг бүрэн шийдэх гарц ч бий. Энэхүү хоёр гомдлын дагуу сурвалжилж явахдаа нөхцөл байдал үнэхээр хүнд хэцүү байгааг харлаа. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөрэй. Бид иргэдийн гомдлын мөрөөр дахин сурвалжлах болно. Иргэд та бүхэн өөрсдөө тулгамдаж буй асуудлын талаар бидэнд хандаж, мэдээлэх боломжтой.
Г.Нараа