Налайх дүүргийн тахиа жилийн онцлох 10 үйл явдал

Замын бүтээн байгуулалт

  1. 2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй, зам бүхэлдээ эвдрэлд ороод байжээ. Тиймээс нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар “Эко тогтол” ХХК 2017 оны 05 дугаар сард замын ажлыг эхэлж 8 дугаар сард ашиглалтанд бүрэн орууллаа.

Хуучин 2 эгнээ байсан авто замуудыг 12 метрийн өргөнтэй 4 эгнээ, 1.5 м өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто зам болгон өргөтгөн шинэчилсэн ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

50 ортой хүүхдийн эмнэлэг

  1. Налайх дүүргийн Эрүүл мэндийн салбарт 2017 онд 1,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн нь урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн дээвэр, гадна пасадыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар засварлалаа. Мөн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 3 автомашин хүлээлгэн өгсөн, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн, хүний нөөцийг 21 эмчээр бэхжүүлсэн, дотор засвар, шинэчлэлийн ажлууд хийгдсэн зэрэг олон чухал ажлыг дурдаж болно.

Өнгөрсөн оны мөн үед хүүхдийн тасгийн 30 оронд 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 4 давхар, 50 ортой тохилог хүүхдийн эмнэлэгтээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт баригдсан энэ том бүтээн байгуулалтын ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 Хүүхэд хөгжлийн ордон

  1. Налайхын хүүхэд, залуучууд ордонтой боллоо. Барилгын ажил нь гацалтанд ороод байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байр өнгөрсөн 2017 онд ашиглалтанд орж хүүхэд, залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхэллээ. Одоогоор тус ордонд 15 төрлийн хөгжлийн дугуйланд 450 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 Ногоон байгууламж

  1. Өнгөрсөн 2017 онд агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байрууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 292,9 сая төгрөг баталж, ногоон байгууламжийн ажил эрчимтэй хийгдлээ.

Шинээр тавигдсан Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжинд 4173 м2 талбайг зүлэгжүүлсэн, Бөмбөрцгөөс Очир худалдааны төв хүртэл авто зам дагуу нарс, шинэс мод суулгасан, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гэрлийн шон дээр цэцэг сууриллуулж зүлэгжүүлсэн, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод нөхөн тарилт хийгдсэн, өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан хамгаалах хашаа, хайс хийсэн зэргээр урьд өмнө нь хийгдэж байгаагүй ногоон байгууламжийн ажлууд хийгдлээ.

Дүүргийн хэмжээнд 2017 онд ногоон байгууламжийн хэмжээг шинээр 30 хувь нэмж, 30 хувьд нь нөхөн сэргээлтийн ажлыг хийж, нийтдээ 12 гаруй мянган мод тарьсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 Гэрэлтүүлэг, камержуулалт

  1. Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг хангахад онцгойлон анхаарч, дүүргийн ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй зарцууллаа.

Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 73 сая төгрөг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хорооны  Нисэх, 1 дүгээр хорооны Уурхайчин хэсэгт 70 ширхэг, 6 дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт 71 ширхэг гэрэлтүүлгийн ажилд 232,3 сая төгрөг зарцуулсан. Дүүргийн шинэчлэгдсэн төв замууд болох Даваажав Дамдин Найрамдлын гудамжинд 186 ширхэг гэрэл, 3 дугаар хорооны Замчингийн хэсэгт 53 ширхэг нийтдээ 2017 онд  400 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй хувиар өсгөжээ. Тэгвэл 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт камержуулалт хийх ажилд 10 сая төгрөг зарцуулж 180 градус эргэдэг 4, чигийн 8, нийт 12 ширхэг камерыг суурилуулсан бол 2, 4 дүгээр хорооноос иргэдийнхээ дунд санал санаачилга өрнүүлж, камержуулалт аян зарлан, 32 камер суурилуулсан нь иргэдийн амар тайван амьдрах нэг нөхцлийг бүрдүүлсэн. Өнгөрсөн онд олон улсын байгууллага болон ОНХС-ийн хөрөнгөөр нийтдээ 9 худаг шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулжээ.

Бодит үр дүнтэй, хөрөнгө оруулалт хөрсөндөө үр дүнтэй шингэсэн эдгээр ажлуудыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 Уурхай

  1. Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 102 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан, нөхөрлөлийн хэлбэрт оруулж, хариуцлагыг өндөрүүллээ. Дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклоны уурхайн хэсэгт хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 8,7 га газарт анхан шатны нөхөн сэргээлт хийж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж, тэр орчмыг 2 гудамжны 20 гаруй айлыг дэд бүтэц нь шийдэгдсэн эрүүл тэгш талбайтай 4 болон 2 дугаар хорооны газарт нүүлгэн шилжүүллээ. Уурхайг цэгцэнд оруулсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хогийн цэг

  1. Олон жил хуримтлагдаад байсан Баялагийн хонхор дахь хогийн төвлөрсөн цэгийг “Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт” хэлбэрээр зохион байгуулж цэвэрлэлээ. Энэ том ажилд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхай, тоосго, барилгын материал үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд машин техник, хүн хүч, бензин шатахуунаа хуваарилан хур хогийг уурхайн хонхорт түрж оруулан дээрээс нь шороо асгаж цэвэрлэх, хөрсийг тэгшлэх ажлыг хийсэн бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж, хогийн цэг дээр ажилласан 100 гаруй хүний 3 өдрийн хоол цайг бэлтгэн нийлүүлж, оролцлоо. Мөн хог хаягдлын аян зарлан нийтийн эзэмшлийн 19 га талбайн хогийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цэвэрлэжээ. Хур хогноосоо салж чадсан ажлыг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Хөгжлийн зөвлөл

  1. 2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллалаа. Дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг бий болгох зорилгоор 2017 оны 01 сард нас насны төлөөллөөс бүрдсэн 11-15 хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн зөвлөлийг хороо бүрт байгуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудлыг иргэдээр нь хэлэлцүүлж, иргэдийг оролцуулж шийдвэрлэдэг болсон сайн жишээг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Гамшгаас хамгаалах дадлага сургууль

  1. 4 жил тутам зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж 90,5 оноо буюу онцсайн үнэлгээ авлаа. Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн , 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцсон томоохон хэмжээний сургалтыг амжилттай зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн ажлыг  тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

  1. Улсын хэмжээнд гадаа нойлтой 2 сургуулийн нэг нь Эрдмийн оргил цогцолбор сургуулийн Тэрэлж дэх бага сургууль байсан. Энэ асуудлыг шийдвэрлэн ариун цэврийн байгууламж байгуулж, саарал усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлснийг тахиа жилийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Налайх дүүргийн ЗДТГ

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …