Ухраах үйлчилгээг зогсоож ухралт хийлээ

Ийм л юм болчихлоо. Өнөө орой ажил тарж очоод хүүхдийнхээ үзэх дуртай “пиппа тоорой” гэх хүүхэлдэйн киног нөхөж үзэх болохгүй болж байна. Өнгөрсөн амралтын өдөр Монгол телевизээр гарсан зарим интертаймент нэвтрүүлгүүдийг ч үзэх боломжгүй болчихлоо. Монгол телевиз өөрийн оюуны бүтээлээ хамгаалж энэ байх.

Гэвч ухраах, нөхөх, зогсоох үйлчилгээ манайд нэвтэрсэн дэвшил байсан юм. Харин үүнийг хориглосноороо бид шинэ эриний дэвшлээс ухарчихлаа гэж ойлгогдохоор байна. Пиппа тоорой яах вэ. Өөр сувгаар болохгүй бол Youtube-ээр ч үзчихсэн болно. Магадгүй Монгол телевиз ийм хязгаарлалтын хүсэлт тавьснаар бусад телевизүүдэд үзэгч татах боломж ч нээгдэж байж болох юм. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойно гэдэг дээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн интертаймент шоу нэвтрүүлгүүдийг Монголдоо оруулж ирсэн. Мөн дэлхийн түвшинд зохион байгуулж чадаж байгаа Монгол телевизээр бахархаж байна. Гэвч иргэдийн энэ их хүндлэл рүү хүйтэн ус цацах дэмий л санагдах юм.

The Voice, Авьяаслаг Монголчууд, Шарк Танк … эд бол үнэхээр мундаг хийгдэж байгаа шоунууд. Гэхдээ яг Монгол телевиз өөрсдийн бүтээл мөн үү гэвэл учир дутагдалтай. Дэлхийд глобалчлагдсан шоу нэвтрүүлгүүд. Мөнгө төлж чадсан хэн бэ гуайн ч энэ шоуг улсдаа, аймагтаа, сумандаа, хороондоо дэлхийн түвшинд зохион байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл төлбөрөө төлчихсөн бол дэлхийн түвшинд шоу зохион байгуулах бүхий л талын нөхцөл боломж, зөвлөгөөг патент эзэмшигчид хийж өгдөг гэж тайлбарлаж болох юм. Тэгвэл дэлхийн контентыг Монголд нэвтрүүлчихээд “ухрааж, нөхөж үзээд байна. Үүнийг хязгаарла” гэдэг хүсэлтийг тавьж байгаа бол үнэхээр уучлаарай. Үзэхгүй байхад л болчих юм биш үү.

Бид UBS телевизийн “UNIVERSE BEST SONGS” үзэх дуртай л байсан. Айл бүрийг зурагтных нь өмнө уяж чаддаг байсан шүү дээ, энэ нэвтрүүлэг. Сүүлдээ хэтэрхий туйлширч, утгаа алдсан. Тэгээд л бид үзэхээ байчихсан. Үзэх нэг нь үздэг л байх. Миний хувьд чадваргүй хөтлөгчдийн гуншаа яриа, ивээн тэтгэгчдийн рекламнаас залхсан учраас үзэхээ байсан. Тэр нэвтрүүлгийг үзэхгүй байлаа гээд юугаар ч дутсангүй.

Үүнтэй адил The Voice шоуг үзэхгүй байлаа гээд надад дутагдах зүйл алга. Тэгээд ч сүүлийн хоёр дугаарыг ажилтай байсан учраас үзэж амжаагүй. Тэглээ гээд надаас дутсан зүйл алга. Хуруу минь бүтэн, ажил, амьдрал хэвийн л үргэлжилж байна. Тэгэхээр намайг үзүүлэхгүй гээд боож байгаа бол би үзэхгүй. Баярлалаа. Та бүхний надад олгож буй тэр алтан цаг хугацааг гэр бүлийнхэндээ үр хүүхдээ зарцуулья. Шинэ эринээс ухралт хийсэн энэ шийдвэр тань бидэнд л ашигтай цаг хугацааг өгч байгаа болохоос та бүгдийг гаднаас хуулбарлаж авч ирсэн нэвтрүүлгийг үзээгүй дээ хохирчих гээд байгаа зүйл огтоос байхгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Ер нь бусад сувгууд ч ухраадаг, нөхдөг үйлчилгээгээ цуцалчихья. Тэгээд Юнивишн, Скаймедиад нөхөж, ухрааж үзсэний төлөө төлбөр илүү төлбөрөө төлөхөө больцгооё. Бүх зүйлс тун хялбар. Хүсэхгүй бол хүчлэхгүй л байя.  “IPTV-ийн давуу тал маш олон суваг олон цагаар ухрааж үзэх боломжтой” гэж рекламдаж хэрэглэгчээ татчихаад, тэрхүү амандаа хүрч чадахгүй бол Юнивишн, Скаймедиагаас ч татгалзья.

Ер нь нөхөж, ухрааж, зогсоох боломжгүй болж байна гэдэг нь Юнивишн, Скаймедиа зэрэг компаниудын цэвэр хариуцлагын асуудал. Энэ бол бидний өмнө тэдний хүлээх үүрэгтэй холбоотой. Төлбөрөө авдаг мөртлөө үзүүлж буй үйлчилгээгээ тасалдуулах, гажуудуулж хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж буй ноцтой дутагдал байхыг ч үгүйсгэхгүй. Мэдээж Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар энэ асуудлыг шалгаж, гарсан алдаа дутагдлыг залруулж, болохгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцох үүрэгтэй. Харин бид бол төлбөр төлсөн учраас авах ёстой үйлчилгээгээ бүрэн авмаар байна. Үгүй бол бүр IPTV-гээс татгалзаж, АНАЛОГИ системээ дахин асаая. Ухарвал ухарсан шиг ухарцгаая.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …