Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид болох Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүлэн нарт Арабын Нэгдсэн Эмират улсын өмнөөс барилдах санал ирсэн. Тэд энэ саналыг зөвшөөрч АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахын тулд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл уг хуульд Монгол Улсын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүлэн нар Монгол Улсын харьяатаас гарч байж АНЭУ-ын нэрээс өмнөөс барилах юм.
Тэгвэл жүдочид Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөөд байгаа аж. Хэрвээ Ерөнхийлөгч тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл жилд 35 мянгаас дээш ам.долларын цалинтай АНЭУ-д ажиллах юм. Манай тамирчид гадны улс орны өмнөөс тэмцээн уралдаан оролцохоор иргэншлээ сольж байгаа нь анхны тохиолдол биш юм. Буудлагын спортын тамирчин, гавьяат Д.Мөнхбаяр иргэншлээ сольж, Герман улсын өмнөөс тэмцээн уралдаанд оролцож байгаа. Харин жүдоч Г.Отгонцэцэг Казахстан улсын өмнөөс тэмцээн уралдаан оролцож байгаа юм.
Тэгэхээр Монгол Улс тамирчдынхаа цалин хангамжийг сайжруулж чадахгүйгээс болоод тамирчдаа гадагш алдсаар байх нь. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулж давхар иргэншлийн асуудлыг цэгцэлж, залуу, ирээдүйтэй тамирчиддаа өөрийн амьдрал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь туслана гэж найдаж байна.