Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиад болж, дүнгээ 4 минутын дотор гаргалаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар зохион байгуулсан байгалийн ухааны нэгдмэл агуулгатай “Ирээдүйн эзэд” анхдугаар олимпиад өнөөдөр 09.00 цагт эхэлж, дүнгээ сурагчид, багш нарын нүдэн дээр шууд гаргалаа. БСШУСЯ-ны дэмжлэгээр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан энэ олимпиадад төгсөх ангийн 200 гаруй сурагч оролцож, оюун ухаанаа сорив.

Нэгдүгээр байрт 107 оноогоор Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн сурагч Б.Мандуул, хоёрдугаар байрт 102 оноогоор Багануур дүүргийн “Боловсрол” цогцолборын сурагч С.Самбуу, гуравдугаарт байрт 91 оноогоор СХД-ийн “Номуун” сургуулийн сурагч Д.Хишигдалай нар тус тус шалгарч, өргөмжлөл Ipad гардан авлаа.

Олимпиадад математик, физик, хими, биологи, газарзүйн хичээлийн асуултуудыг харьцангуй өндөр түвшинд бэлтгэн, 120 минутын хугацаанд шалгалт авсан юм. Шалгалтын асуулт бэлтгэсэн багш нарыг гурав хоногийн турш тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт дор лацыг нээн даалгаврыг сурагчдад тараалаа.

Байгалийн ухааны олимпиадын дүнг мэдээлэл технологийн дэвшлийг харуулсан цахим технологиор шууд засаж, дүнг 4 минутад танилцуулсан нь олимпиадын бас нэг онцлог байв.

Олимпиадыг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Дэлхий ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн цахим оюун ухаанд түшиглэсэн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын өмнө ирээд байна. Бүхий л салбарт цахим шилжилт өөрчлөлтүүд бий болж байна. Цахим эдийн засаг, цахим технологид тулгуурласан ололт амжилтууд хүн төрөлхтөний хөгжлийг тодорхойлж байна.

Байгалийн шинжлэх ухаан цахим технологийн хөгжлийн үндэс суурь юм. Тиймээс Монголын хүүхэд, залуучууд байгалийн шинжлэх ухаанд суралцаж, идэвхтэйгээр судалж байж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхана. Улс орныхоо хөгжлийг тодорхойлж, хувь нэмрээ оруулах учиртай. Өнөөдрийн олимпиадыг зохион байгуулах болсон шалтгаан энэ.

ЭЕШ-ын дүнг 14 хоногийн дараа гаргадаг нь маш их хардлага сэрдлэг дагуулдаг. Энэ бүгдийг өөрчилье гэж зорьсон. Шалгалтын материалыг шууд засах цахим програм хангамжийг монгол залуучууд, Боловсролын үнэлгээний төвийн залуучууд зохион бүтээсэн. 200 хүүхдийн материалыг засахад 4 минут зарцууллаа. Ирэх хавар ЭЕШ-д 42 мянган хүүхэд орно. Тэгэхээр шалгалтын дүнг 40 минутад элсэлтийн шалгалтын дүнг гаргах боломж харагдаж байна.

Ямар нэг хэрэгцээ шаардлага гарахад цагдаагийн, хорооны засаг даргын тодорхойлолт гэх мэт маш олон тодорхойлолтыг төрийн байгууллагууд иргэдээс нэхдэг. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээс нэхдэг, маш их хүн хүч, цаг, цаас зарцуулдаг. Үүнээс болж нийгэмд стресс бухимдал бий болдог. Цахим шилжилт, цахим бодлогын шилжилтийг Монгол Улс бүхий л салбарт хийх ёстой. Тэр хэрээр төрийн алба цомхон болно гэж хэллээ.

Тэрбээр, энэ олимпиадад оролцохоор сургууль сургуулиасаа шалгарч ирсэн шилдэг сурагчдын “Ирээдүйн эзэд” фэйсбүүк групп нээж, хүүхдүүдийг анд найз болж, цаашдаа хамтдаа суралцаарай хэмээн ерөөгөөд, энэ группийг хүүхдүүд та бүхэндээ дурсгал болгон үлдээж байна гэв.

Олимпиадын үеэр сурагчдаа амжилттай оролцуулсан шилдэг гурван заах аргын нэгдлийг шалгаруулж, 500 мянгаас 1 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Нэгдүгээр байр эзэлсэн сурагч Б.Мандуул, 106 оноогоор тэргүүн байр эзэллээ. Даалгаврынхаа гүйцэтгэлд сэтгэл дундуур байсан учир алтан медаль авна гэж бодоогүй. “Сант” сургуулиа төлөөлж тааруу орлоо гэж санаа зовж байлаа. Харин одоо бол амаш их баяртай байна. Энэ олимпиадын зохион байгулалт маш их таалагдлаа. Дүнг шууд харж байгаа нь сайхан, шударга үнэлгээтэй олимпиад боллоо гэв.

Байгалийн ухааны таван хичээлийг нэгтгэсэн олимпиад учир сурагчдаас өргөн хэмжээний мэдлэг мэдээлэл шаардсан олимпиад боллоо хэмээн багш нар болон олимпиадыг зохион байгуулагчид үнэлж дүгнэж байв.

gogo.mn

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …