Өнөөдөр Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын өдөр билээ. Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбарынхаа баярыг тэмдэглэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хэвлэлийн байгууллагууд болон сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа.
Энэ өдрийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг нь “Анхдагч”хэмээх шагнал байлаа. Уг шагналыг Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй Олон улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын сайтын холбооны хамт олонд гардуулан өглөө.
Тодруулбал, Сайтын холбоо анхлан санаачилж, Отгонтэнгэр их сургууль дэмжин ажилласнаар, цахим сэтгүүлч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулжээ. Ингээд Монголд анх удаа цахим сэтгүүлчийн ангийг нээж анхны төгсөгчдөө бэлтгэн гаргасан байна. Тиймээс Монголын анхны цахим сэтгүүлч бэлтгэсэн сургууль Отгонтэнгэр мөн болохыг батламжилж, Монголын сайтын холбоог Монголд анх удаа цахим сэтгүүлч мэргэжлийг санаачилсан байгууллага мөн болохыг батламжилж “Анхдагч”-аар өргөмжиллөө.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид энэхүү өргөмжлөлийг Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүүд гардуулан өглөө.
Н.Чимэг
Гэрэл зургийг Breakingnews.mn сайт Ц.Баярбаатар