Нийслэлийн ахмад багш нарын “Эрдмийн Увидас” холбоо нь анх 2006 онд байгуулагдаж байсан бол өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ахмад багш нартаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлганалаа. Тус холбоо нь 21 аймгийн харъяалалтай нийслэл хотдоо ажиллаж амьдарч байгаа 2000 гаруй багш нарыг нэгтгэдэг.
Тэд боловсролын системийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгох сургалт хүмүүжлийн чанарыг сайжруулахад хувь нэмэрээ оруулах үүднээс ахмад багш нараа нэгдсэн зохион байгуулалтанд оруулж ЕБС-ийн 20 гаруй сургуулийн 100 гаруй залуу багш нарын хичээлд сууж, хичээлийн бэлтгэл, төлөвлөлт, сургалтын таатай орчин, цөм хөтөлбөрийн хэрэгжилт зэргээр зөвлөгөө өгчээ. Мөн 500 гаруй залуу багшид өнөөгийн нийгмийн хүмүүжлийн ажлын гом цөм нь юу болох багшийн ёс зүй, өөрийгөө хөгжүүлэх чадвар, сэтгэлийн хаттай байх талаар лекц, ярилцлага зохион байгуулжээ. Мөн залуу багш нар болон ахлах ангийн сурагч нарт зориулсан өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ нь өвсөр үеийнхэний төлөвшилд анхаарч ажилладаг гэж холбооны тэргүүн С.Янжиндулам ярьлаа. Боловсролын салбарт чиглэсэн үйл ажиллагаануудаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон бөгөөд нийгэмд чиглэсэн бүтээлч ажлуудыг хийдэг гэв. Тухайлбал НЗДТГ-тай хамтран “Амар тайван амьдралын төлөө” төсөлд НЦГ-ын хүүхдийн хэлтэстэй хамтран ажиллаж хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.
Ахмад багш нар бие биенийхээ ахуй амьдралд мөн анхаарал тавьдаг сэтгэлийн их урам хайрладаг гэж багш нар ярьж байна. Цаашид ч ахмад багш нар ажлын арга барил, туршлагаа залуу үедээ өвлүүлэх үндсэн зорилгоо биелүүлсээр байх болно гэлээ.