Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, ОХУ-ын “Артек” зуслангийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд “Найрамдал” төвийн ерөнхий захирал О.Доржсүрэн, “Артек” төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич нар гарын үсэг зурав.
“Артек” төв 150 гаруй орноос хүүхдүүдийг хүлээн авч амраадаг бөгөөд өнгөрсөн онд Монголоос 59 хүүхэд амарчээ. Цаашид бусад орны хүүхдүүдийг орос хэл сурах боломжоор хангахад анхаарах аж.
“Найрамдал” цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгийн хэлснээр, 2018 онд “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр төв олон улсын боловсролын болон соёлын солилцоо, олон улсын хөтөлбөр, боловсролын салбарын төслүүд, хүүхдүүдийн амралт, сайн дурын ажилтан зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар болж байгаа аж.