НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн, хүмүүжлийн аян”-ны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт UB Palace-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцож, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг аргачлалтай хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын ЕБС-ийн сургалтын чиглэл хандлага, сургалтын технологи, заах аргын шинэчлэлийн дагуу даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Posdam Багшийн их сургуулийн доктор, профессор Бернд Майер илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн “Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүүхдийг бэлтгэх” талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн юм.
Зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа”-г онцолсон юм.
Мөн тэрбээр “Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль, багшийн хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөрт “Монгол хүн, хүмүүжлийн аян” цогц хөтөлбөрийг тусгасан, олон ажлууд хэрэгжиж байгаа” гэв.
Энэ үеэр “Монгол хүн” хүмүүжлийн аяны санаачлагч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, ”Академик мэдлэгийг эзэмшүүлэхээсээ илүүтэйгээр яаж бодит чадвартай, бүтээлч, хөгжсөн, хүнлэг, эх оронч Монгол хүн бэлтгэх вэ гэдэг дээр боловсролын агуулга, хөтөлбөрийг чиглүүлж ажиллах ёстой. Монгол Улс 2021 онд Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг ОУ-суралцагчдын үнэлгээний “PISA” шалгалтанд орох бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилго зорилтыг ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилго зорилтонд тодорхойлсон байгаа. Энэ ажлын хүрээнд PISA ОУ-ын судалгаа болон түүний даалгаврууд, багш нар тэрхүү шалгалтанд бэлтгэхийн тулд өдөр дутмын хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн хүүхэд төвтэй, бүтээлч, асуудлыг шийдвэрлэх, бодит чадвар олгох чиглэлээр явуулах төлөөр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майерыг урьж, өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа” гэж хэллээ.
Манай улсын боловсролын системд ололттой олон давуу талууд байна. Дутагдалтай зүйлүүд ч бий. Олон улсын үнэлгээний энэхүү судалгаад Монгол Улс 2021 онд хамрагдсанаарсуурь боловсролын үр дүн манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, тодорхойлж чадаж байгаа эсэх, Монгол хүүхдийн дэлхийд өрсөлдөх чадвар, ОУ-ын боловсролын чиг хандлагыг харьцуулан үзэх зэрэг олон ач холбогдолтой.
Энэхүү судалгаа нь улс орны болон боловсролын системийн нэр хүндтэй холбоотой учир ихээхэн ач холбогдол өгч, тодорхой бэлтгэл хийх нь зүйтэй. Үүний тулд нэн тэргүүнд багш нараа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй.
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал PISA-ийн талаар тайлбарлахдаа “PISA ОУ-ын судалгааг OECD буюу Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулагаас гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. 15 настнуудыг унших чадвар болон байгалийн ухаан, математикийн хичээлээр шалгадаг. Энэ судалгаанд манай улс оролцоход хоёрхон жил буюу маш богинохон хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд багш нартаа яаж мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, боловсролынхоо амжилтыг ОУ-д баталгаажуулах вэ гэдэг үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.
ХБНГУ-ын Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майер: “Шалгалтын зорилго нь сурагч сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэх юм” гэлээ.
Тэрбээр илтгэлдээ, “PISА нь анх OECD-гийн ивээл дор 2000 онд хэрэгжиж эхэлсэн. Уг судалгааг OECD-гийн гишүүн орон бүрд хийдэг бөгөөд 2000 онд 41 гишүүн орон хамрагдаж байсан бол 2015 оны байдлаар нийт 71 орон хамрагдаад байна.
2001 онд PISА анхны судалгааныхаа дүнгээ танилцуулсны дараа Төв Европын бусад орнуудын адил Герман улсын нийгэмд үл итгэлцэл, айдас, бухимдал бий болсон. Герман, Франц төдийгүй олон улсын хэвлэл мэдээллээр судалгаатай холбоотой мэдээлэл гарч дэлхийн боловсролын байгууллагууд, улс төрчид, судлаачид болон эцэг эхчүүдийн холбооны анхаарлыг ихээр татсан.
Шалгалтын зорилго бол сурагч суурь боловсрол эзэмшсэний дараа сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэхэд оршдог. Нөгөө талаас гишүүн улс орнууд уг судалгаанд хамрагдсанаар бусад улс орнуудын сурагчдын сурах чадвартай өөрийн орны сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжтой болдогоороо давуу талтай.
Товчхондоо, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл, бодит амьдралын үзүүлэлтийг PISА тодорхойлохыг зорьдог” гэдгийг тодотгож байлаа.
Мөн Боловсролын тогтолцоог насанд хүрсэн хойно нь амьдралд хэрэгтэй ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор шинэлэг байдлаар тодорхойлох, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх зорилготой юм. Тиймээс дэлхий даяар улс орнууд боловсролын тогтолцоогоо залуучуудын ажил эрхлэлт, ур чадварыг сайжруулах чиглэл рүү хандуулж буй нь үүнтэй холбоотой. Гэхдээ сурагчдын сурах чадварыг дээшлүүлэх, бодит амьдралд хэрэгтэй чадамжийг сайжруулахын тулд сургуулиуд хэрхэн өөрчлөгдөх ёстой гэдгийг PISА тодорхойлдоггүй. Харин боловсролын тогтолцоо өөрчлөгдсөнөөр улс төр, эдийн засгийн асуудал шийдэгдэх боломжтойг PISА -гийн шалгалтын үр дүнгээс харах боломжтой юм.
Хувь хүний хөгжил, боловсролын агуулга нь олон талын мэдлэг, харилцан уялдаа бүхий нийгэм, соёлын үнэ цэнийг таниулах шаардлагатай байгаа юм. Ингэснээр хувь хүн нийгэм, улс төр, эдийн засаг болон бодит амьдралд шаардлагатай бусад чадвартай болгох юм.
Нийгэм, соёл, эдийн засаг, техник, хүмүүжил, мэргэжлийн гэх мэт олон төрлийн чадвартай байвал ямар ч нөхцөлд хувь хүн чадвараа хөгжүүлэх боломжтой юм.
Ерөнхийдөө, PISА бол боловсролын түүхэнд хамгийн хэрэгцээтэй сэдвийг хөндсөн, олон талт судалгаа бөгөөд PISА -гийн судалгаагаар дэлхийн бүх улс орнууд боловсролын талаар баримтлах бодлогоо өөрчлөх цаг үеийн шаардлага бий болсныг харуулж байгаа”-г тодотгосон юм.
PISA юуг шалгадаг вэ?
– Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх
– Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх
– Хүүхдүүд мэдлэгийг амьдралын олон нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэн ашиглах чадвартай эсэх
– Эдийн засагт мэдлэгийг эргэлтэнд оруулах, хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.
РISA-гийн үр дүн
Финланд улсын боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш РISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг. Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн авдаг хэдий ч сургалтын чансаагаараа дээгүүр ордог.
Финланд улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогддог тул Финландын сургуулиуд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.
Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан РISA /Олон Улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр/-гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн байна.