Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийг халах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Вашингтон хотод төрийн айлчлал хийсэн Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдсэн.
Үүний хариуд Трамп “Түүнтэй ирэх тавдугаар сараас өмнө уулзана” хэмээсэн. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг мэдээллийг шинжээчид халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх, цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг намжаах дорвитой алхам хэмээн сайшаан тэмдэглэж байна.
Энэ нь хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болох бөгөөд өмнө нь АНУ-ын экс ерөнхийлөгч нарын хэн нь ч Хойд Солонгосын удирдагч нартай биечлэн уулзаж байгаагүй аж. Уулзалт хаана, яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч хоёр Солонгосын хилийн заагт байрлах Панмунжом тосгонд болж магадгүй байгаа.
Өмнөд Солонгосын Пёнчан тосгонд зохион байгуулагдсан Өвлийн Олимп дипломат шугам нээгдэх том боломжийг бий болгосон. Цаашлаад Д.Трамп 48 сая дагагчтай твиттер хуудсаараа “Их ахиц, дэвшилтэй уулзалт болно гэж төлөвлөж байна” гэсэн бол Ким Жөн Ун Америктай энхийн гэрээ байгуулж, дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар ярилцах боломжтой гэж “Тона Илбо” сонинд мэдээлжээ.
Ямартай ч Д.Трамп гэрээ хэлэлцээрт хүрэх хүртэл Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд үргэлжилнэ гэдгийг онцолсон.