АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, албан тушаалаа авсан. Тэрээр өдгөө 65 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ.
Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцсон. Түүнийг Сенатын 99 гишүүний 56 нь дэмжсэн юм.
Харин ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр түүнийг огцруулж, оронд нь Майкл Помпеог томилсон талаар твиттертээ жиргэжээ. Майкл Помпео тус албанд томилогдохоосоо өмнө Тагнуулын төв газрын тэргүүнээр ажиллаж байсан. Майклын албыг орлогч Жин Хаспел нь авахаар болсон.
Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Д.Трамп Р.Тиллерсоны ажилд сэтгэл хангалуун бус байдгийг онцолж байсан юм. Мөн ноён Тиллерсон ч албаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан удаатай.
“Вашингтон Пост” сонинд Р.Тиллерсон үүрэгт ажилдаа орсон даруйдаа л Афганистанд алба хааж буй цэргийн хүчний тоо, Катар, Куба улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээ зэрэг олон асуудлаар Д.Трамптай санал зөрөлддөг байсан гэжээ.