Токиод сакура цэцэглэж эхэлснийг тэмдэглэж байна

Хавар цагт байгаль дэлхий нойрноос сэрэх мэт уур амьсгал дулааран, цэцэг ногоо дэлгэрч эхэлдэг билээ.

Өнгөрөгч бямба гаригт Японы нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг цаг уурын хүрээлэн нь мэдээлсэн байна.

Токиогийн Ясүкүни сүмд анхны цэцэгс дэлбээлж эхэлсэн ба интоорын модод цэцэглэх хугацаа хотын бусад цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд, сургууль, гудамж талбайд хоёр долоо хоног орчим үргэлжлэх юм.

Энэ жилийн цэцэглэх үе жилийн дунджаас есөн өдрийн өмнө эхэлж байгааг Цаг уурын хүрээлэнгээс хэлсэн. Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үед агаарын температур дулаан байсан нь үүнд нөлөөлсөн.

Сакура хэлбэр дүрс гээд бүх зүйл нь адилхан цагаан, ягаан гэсэн хоёр өөр өнгийн цэцэгтэй. Хаврын цэцэг, дөрөв­дүгээр сарын цэцэг ч гэж нэрлэдэг.

Японд сакура цэцэглэх баярыг өргөнөөр тэмдэглэж, үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэн, цайвар ягаан өнгөөр хучигдсан цэцэрлэгт хүрээлэнд олон хүн ирж, аялан, хоол идэж, амардаг.

Хүчтэй салхи, ширүүн бороонд цэцэгс нь хялбар унадаг хоромхон зуурын цэцэг болоод ч тэр үү Япончууд сакурадаа хачин дуртай. Хүмүүс сакура цэцэглэх үеэр ажил албаа зохицуулаад цэцэрлэгт хүрээлэнг мянга мянгаараа зорьдог аж.

Сакура (интоорын мод) Японы газар нутаг бүрт өөр өөр хугацаанд цэцэглэдэг агаад сэрүүн уур амьсгалтай хойд хэсэгт хамгийн сүүлд буюу тавдугаар сард тохиодог.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …