Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан, өдгөө 76 настай Ли Мён Бакийг авлига авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган Сөүл хотын шүүх баривчлах шийдвэр гаргажээ. Тэрээр 2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан.
Прокурорын мэдэгдэлд түүнд тулгасан олон хэрэг баримтаар нотлогдсон тул бусад баримтыг устгахаас сэргийлэн хорьж байна гэсэн тайлбарыг оруулж, энэ нь одоо мөн хоригдож байгаа Пак Гын Хэгийн хэргээс дутахгүй ноцтой гэж дүгнэсэн.
Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг 11 тэрбум вонын (10.2 сая ам.доллар) авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн, баримт бичгийн хууль бусаар хадгалж байсан зэрэг нийтдээ 12 зүйл ангиар буруутгаад байгаа юм. Ли Мён Бак буруутай гэдэг нь тогтоогдвол 45 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Түүнийг өчигдөр орой гэрээс нь баривчлан Сөүлийн зүүн дүүргийн хорих газарт хүргэсэн бөгөөд 11 тэрбум вонын хэргээс бусад хэргийг үйлдсэнээ зөвшөөрөөгүй. Тэрээр Самсунг группын ерөнхийлөгч Ли Кун Хигийн татвараас зугтсан хэргийг цагаатгаж, 2009 онд өршөөл үзүүлснийхээ төлөө зургаан тэрбум вон авсныг баталжээ. Самсунг тухайн үед энэ мөнгийг Ли Мюн Бакыг төлөөлдөг байсан АНУ-ын хуулийн компанид төлсөн.
Цаашлаад Өмнөд Солонгосын тагнуулын газрын нууц сангаас 1.7 тэрбум, өөр таван хүнээс нийт 3.5 тэрбум вон авсан нь батлагдсан. Тэдгээр хүн бүгд өндөр албан тушаалд томилогдох, бодлогод нөлөөлөх хүслээ ерөнхийлөгчөөр гүйцэтгүүлснийхээ хариуд мөнгө төлсөн байна.