Хятадын нийслэл Бээжинд өглөөн цагаар ирсэн A 21 галт тэргэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун зорчсон байх өндөр магадлалтай болох талаар Японы Nippon телевиз мэдээллээ.
Үүнээс үүдэн Ким Жөн Ун чухал ажил хэргийн шугамаар Хятадад ирсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд гарсан байна. Мөн Bloomberg болон өөр гурван мэдээллийн хэрэгсэлд Хятадад ирсэн галт тэргэнд Хойд Солонгосын удирдагч байсан байж болзошгүй талаар дурджээ.
A 21-ийг Хойд Солонгосын галт тэрэг гэж мэдээлсэн агаад цөмийн зэвсгийн асуудлаас болж харилцаа нь хөндийрөхөд хүрсэн өнөө үед хоёр орны удирдагчид уулзах нь зөв хэрэг гэж шинжээчид үзэж байна.
Ким Жөн Ун долоон жилийн өмнө Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш гадны улсад айлчлал хийгээгүй хэмээгддэг.
Одоогоор түүний Бээжинд ирсэн талаар хоёр улсын аль ч төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаагүй ч хэрвээ үнэн бол дипломат харилцаа хөгжих чухал ач холбогдолтой үйл явдал болох нь дамжиггүй.
Ямартай ч өмнө нь 2011 онд Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ил иймэрхүү галт тэргээр Бээжинд үдээс хойш 15:00 цагт ирж байсан бөгөөд түүний Хятадад айлчилсныг нутаг буцсан хойно нь мэдээлж байсан.
Бээжингийн галт тэрэгний буудлын дэлгүүрийн менежер Францын AFP мэдээллийн агентлагт “Гадаа олон цагдаа түр зуур эгнэж зогссон байсан нь юу болсон юм бол гэж сонирхоход хүргэсэн” гэж хэлсэн байна.
Цагдаа нар жуулчдыг Тяньаньмэний талбайгаас гаргасан бөгөөд Засгийн ордонд төрийн өндөр хэмжээний уулзалт болох үед л албаныхан ийм үйлдэл хийдэг болохыг Reuters агентлаг мэдээлжээ.