Ким Жөн Ун Хятадад айлчилж байна

Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун Бээжин хотод төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

Тэрээр галт тэргээр өнгөрсөн ням гаригт ирсэн бөгөөд өнөөдөр нутаг буцах аж. Энэ талаар Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.

Ши Жиньпин Кимийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Чингэхдээ хоёр орны удирдагч тэргүүн хатагтай Пен Лиюуан, Ри Сол Жу нарын хамт дөрвүүл уулзаж, урлагийн үзүүлбэр үзэж сонирхжээ.

Үүний сацуу Хятадын ерөнхий сайд Ли Көчиан, Улс төрийн товчооны төв хорооны гишүүн Ван Хунин зэрэг албаны хүмүүс байлцаж, Хойд Солонгосын удирдагчтай уулзсан аж. Уулзалтын эхэнд Ши Жиньпин Ким Жөн Уныг халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.

Тэрээр өөрийг нь дахин сонгогдсонд болоод БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөсөнд Хойд Солонгосын удирдагч тусгайлан баяр хүргэсэн мэндчилгээ явуулсанд нь, цаашлаад хоёр орны эрх ашгийг харгалзан үзэж, харилцаагаа дахин хөгжүүлэх санаачлага гаргаж буй явдалд талархснаа илэрхийлсэн юм.

Ким Жөн Ун хэлэхдээ “Солонгосын Хойгийн асуудал манай хоёр орны харилцааг тодорхой хэмжээгээр хөндийрүүлсэн. Үүнийг засах арга хэмжээг авах эрмэлзэлтэй байгаа” гэсэн.

Ши Жиньпин Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтуудыг өдөөн хатгалга гэж үзсэнээс болж хоёр улсын харилцаанд үл ойлголцол үүсээд байсан юм. Ким Жөн Ун Хятадын даргатай хийсэн энэ удаагийн уулзалт түүний хувьд анхных аж.

Ши дарга “Өмнөх үеийн удирдагч нар хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхүүд бий. Тэд бие биедээ итгэж, хоёр орны харилцааны түүхэнд эерэгээр бичигдсэн. Түүхээс үзвэл хамаатан садан мэт бие биенээ харилцан хүндэтгэсэн үйл ажиллагаануудыг явуулсан баримтууд бий. Бид үүнийг цааш үргэлжлүүлэх болно. Хоёр орон бүтээн байгуулалт, хөгжлийн ажлууддаа бие биенийхээ бүтцийн төлөвлөгөөг солилцсон туршлага ч байдаг. Үүнийг үргэлжлүүлэн баримталж, энх тайвныг илүү их цогцлоох эрмэлзэлтэй байна” гэсэн.

Энэ үеэр хоёр орон цаашид хэд хэдэн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар болон шинэ эринд дорвитой хамтын ажиллагаануудыг өрнүүлэх талаар хэлэлцжээ.

Ингэхдээ хоёр орны удирдагчид оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж, соёлын харилцааг өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалсан.

Ким Жөн Ун Хятадын удирдагчийн харилцаагаа өргөжүүлэх гэсэн эрмэлзэл, алсын хараатай бодлого сэтгэлийг нь хөдөлгөсөн болохыг хэлж “Та надад их урам зориг хайрлалаа. Би хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа. Нөхцөл байдал өөр болсон өнөө үед харилцаагаа бат хэвээр үлдээх болно гэсэнд тань талархаж байна” гэсэн.

Цаашлаад хоёр орны удирдагчид нийгмийнхээ байдлыг танилцуулж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал бодлоо солилцсон.

Үүнд Ши Жиньпин байр сууриа илэрхийлэхдээ “Бид Хятад хүнээ дээдлэн харилцаж, бүх нийтийн ашиг сонирхол, аз жаргалын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллах хэрэгтэй байгаа. Түүхийг хүмүүс бид бүтээдэг. Бидний өвөг дээдэс агуу баатрууд байсан. Уйгагүй хөдөлмөр амжилтыг дагуулдаг бөгөөд бид эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлэх нь зүйн хэрэг. Хүнд суртал, түрэмгийлэл, авилга засах ёстой гол асуудлууд” хэмээжээ.

Уулзалтынхаа үеэр Ким Жөн Ун Хятадын Шинжлэх Ухааны Академийн үзэсгэлэнг үзэж сонирхон, дэвшилтэт технологи бүхий бүтээн байгуулалтыг хөгжүүлсэн нь таалагдсан болохыг онцолжээ.

Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай тавдугаар сард дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байгаа. Ши Жиньпин үүнд ач холбогдол өгч байгаа гэдэг нь гарцаагүй.

Уулзалтынхаа үеэр Д.Трамп цөмийн зэвсгийг болиулах талаар Хойд Солонгост тулгах шахалтаа давтаж магадгүй болохыг шинжээчид дүгнэжээ.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …