Инээдтэй ч юм шиг, нөгөө талаасаа дургүй хүрмээр ч юм шиг зүйлийн тухай Нийслэлийн газрын албаны дарга ярилцлагадаа дурдсан байна. Нийслэлийн хэмжээнд ахуйн зориулалтаар хашааны буюу 0.7 га газрыг үнэгүй өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд одоо тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болох гэж байна. Үүнээс цааш газар өмчлөхөөр бол худалдаж авах шаардлагатай болох нь л дээ.
Нийслэлд өмчлөөд байх газар үлдээгүйг мэдэж л байна. Гэхдээ л газар өмчилж чадаагүй үлдсэн иргэд яах ёстой вэ. “Сугалаанд ёндоогүй байлаа” гээд өөрийгөө буруутгаад өнгөрөх ёстой юу? Гэтэл ёндоо дутсан ганц хүний тухай биш маш олон иргэдийн асуудал энд яригдаж байна шүү дээ.
Монгол Улсын иргэн бүр хууль тэгш үйлчлэх ёстой гэдэггүй билүү. Мөн Монгол Улсын иргэн энэ газар шорооныхоо эзэн байна гэсэн заалтыг ч санаж байна. Гэтэл хэдхэн хүн сугалаа нэрээр газар өмчлөөд бусад нь ёндоо дутлаа гээд хохироод үлдэх нь байна, тийм үү?
Ийм зүйл байж яав ч болохгүй. Хаана байна тэр сугалаагаар тараасан газрууд. Хэн тэнд очиж, хаана хэрхэн өмчилсөн бэ. Дэд бүтэц, тог цахилгаангүй “ертөнцийн мухарт” хэдэн хүнд газар олгосон нэртэй хэчнээн түшээ уулын амыг өмчилсөн бэ. Одоо тэгээд та бүгдийн зохион байгуулсан ажиллагаанд хамрагдаж чадалгүй үлдсэн хүмүүс 700 метр газраа 10 орчим сая төгрөгөөр “худалдаж авна” гээд явж байх уу. Яачихсан дампуу шийдвэр вэ.
“Газар үнэгүй өмчлүүлэх хууль гурван ч удаа таван жилээр сунгагдсан хэдий ч иргэд газар өмчлөх эрхээ төдийлөн сайн эдлээгүй” гэж албанын хүн ярьж байна. Юу ярина вэ. Газрын алба чинь иргэдийн газар өмчлөх хүсэлт, өргөдөлд дарагдчихаад байгаа биз дээ. Яагаад ийм бодлогогүй, дур зоргоороо ярина вэ. Зүгээр л “энэ хугацаанд газар өмчилж чадаагүй бол хохь чинь” гээд л хэлчихээч, амар. Одоо тэгээд “10 сая төгрөгөөр 700 метр газар авбал ав” гээд газрын наймаа хийх юм байна. Иргэдээ ялгаварласан ийм явуургүй үйл ажиллагаа явуулахаа боль. Газар бидэнд хангалттай бий. Өмчлөх нь өмчлөөд, эзэмших нь эзэмшээд л яваг. Тэндээс нь төр орж ирж, ашиг хардагаа л больчих.