100 айлын паспортын хэлтсийн ачааллыг дүүргүүд хуваалцана

 

Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт захиалагчдынхаа хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй болчихоод удаж байна. Уг нь үүнийг шийдэх боломж тун их. Ядаж л цахимаар бүртгэлээ хийж, паспорт гарсан үед нь очоод авдаг тогтолцоог нэвтрүүлэх боломжтой тухай хэдэн сарын өмнө бичиж байснаа санаж байна.

Одоо бидний хэлдгээр 100 айлын Улсын бүртгэлийн газраас гадна Мишээл, Дүнжингарав, Драгон зэрэгт байрлах Нийслэлийн үйлчилгээний газруудаар гадаад паспортын захиалга авч олгож байгаа. Гэсэн хэдий ч 100 айл дахь Улсын бүртгэлийн газарт хандах иргэдийн тоо буурахгүй, гадаад паспортын хэлтсийн ачаалал нэмэгдсээр байгаа юм.

Одоо аяллын улирал эхэлж байна. Урин дулаан болохоор гадны улс орнуудад ажиллах боломж ч нэмэгддэг учраас гадаад паспорт шинээр авах, хугацааг нь сунгах хүсэлтэй иргэд олширдог. Тиймээс одоо ачаалалтай байгаа паспортын хэлтсийн ачааллыг бууруулах шаардлага ОӨУБЕГ-т тулгарах нь мэдээж юм.

Тэгвэл ирэх даваа гаригаас буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын захиалга авч, олгох үйлчилгээг  үзүүлэхээр боллоо. Үндсэндээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, гадаад паспортын хэлтэс дээр үүсч буй ачааллыг бууруулах зорилготой үйл ажиллагаа юм. Дүүргийн бүртгэлийн хэлтэс захиалга авч эхэлснээр нийслэлийн 10 байршилд гадаад паспорттой холбоотой үйл ажиллагаа явагдах боломжтой болно. Ингэснээр 100 айлын бүртгэлийн газар дээр үүсдэг ачаалал 10-аад хувиар буурна гэж тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан ярьж байна.

Гэвч манайд олон газар захиалга авсан ч гадаад паспорт хэвлэх үйлчилгээ нь хэтэрхий багадаж байгаа асуудал бий. Үүнийг ч ОӨУБЕГ-ын дэд дарга хүлээн зөвшөөрч, гадаад паспорт хэвлэх машины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгээ хэллээ. Өөрөөр хэлбэл олон газар зэрэг захиалга авсан ч хэвлэлт нь хуучнаараа л явагдах юм. Тэгэхээр “яаралтай” шошготой үйлчилгээгээр илүү мөнгө авдаг байдал алга болохгүй л гэсэн үг юм.

Манайхаас өөр улсад төрийн байгууллага өөрийн үзүүлэх үйлчилгээндээ нэмэлтээр, илүү төлбөр авдаг явдал байхгүй биз. Үндсэндээ гадаад паспортын асуудлыг шийдвэрлэхэд өнөөх хэвлэдэг төхөөрөмжийн л асуудал байна. Түүнийг олшруулчихвал нэг газар ч захиалга авсан болохгүй зүйлгүй. Захиалгаа өглөө, хэвлэлд явлаа, орой нь паспортоо авлаа. Ийм л зарчмаар төрийн үйлчилгээ явагдмаар.

Ямартай ч нийслэлийн зургаан дүүргийн бүртгэлийн хэлтэст хоёр цонх нээж, иргэдийн гадаад паспортын захиалгыг авахаар боллоо. Дүүргийн бүртгэлийн хэлтсүүд ч бас ачаалалтай ажилладаг. Үүн дээр паспорт захиалах хүсэлтэй иргэдийн ачаалал нэмэгдэх юм байна. Гэхдээ 100 айл дахь ачаалал 10 хувиар багасна гэж тэд тооцжээ. Зун болж паспортын бэлдэц дууслаа гэх асуудал гарахгүй бол захиалга өгдөг, авдаг ажиллагаанд ямартай ч өөрчлөлт гарлаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …