Өнгөрсөн сард Фэйсбүүк 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн.
Тэгвэл Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал М.Цукерберг уржигдар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийжээ.
Тэрээр “87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдсон. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажиллах хэрэгтэй. Фэйсбүүкийг хүмүүст зориулсан тул үүнийг яаж ашиглах тэдний эрх гэж бодож байсан маань буруу байж. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан хэрэг бидний хувьд хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн сануулга боллоо” гэжээ.
Ирэх долоо хоногийн мягмар гаригт болох АНУ-ын Конгрессын сонсголын үеэр М.Цукерберг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх энэ асуудлаар мэдүүлэг өгөх аж.
BBC-гийн мэдээлснээр энэ сарын 11-нд болох Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлийн хуралд тэрээр оролцох юм.