Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлаад байна. Үүний дараа Монгол Улсын шүүхийн байгууллагад ажилладаг шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой шуугиан дэгдээд байгаа. Тэгвэл шүүгчид гэлтгүй прокурорууд ч хөрөнгөлөг гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болохоор байна.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн прокурор О.Мөнхбаатар 281 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ мэдүүлсэн бол Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 218.4 сая төгрөг, Өмнөговь аймгийн прокурор Д.Доной 204.5 сая төгрөг хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр 108 сая төгрөгийн хадгаламжтай, 925 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууцтай гэж мэдүүлсэн байна. Дундговь аймгийн прокурор С.Гансэлэм 416 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай бол Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч дарга Ш.Сүхбат 216 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай гэж мэдүүлсэн байна. Мөн тээврийн прокурор Ү.Содномцог 412 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай гэжээ. Ийм үнэлгээ орон сууц гэвэл Зайсан хавьцаа, эсвэл хаус байж таарах гээд байна.
За тэгээд өртэй, зээлтэй прокурорууд ч олон харагдлаа. Харин Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаярын хөрөнгө, орлогын мэдүүлэг л ихэд анхаарал татаж байлаа. Тэрээр 100 гаруй сая төгрөгийн хадгаламжтай, таван орон сууцтай, гэр бүлийн орлого нь 80 гаруй сая төгрөг., аль нэг банкинд өр, зээл байхгүй. Харин нэг иргэнээс 200 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байгаа юм. Үнэхээр салбартаа өөрийн хөрөнгөөр манлайлж байна гэж хэлэхээс ч яах вэ дээ. Тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгчийн хажууд орлого нь бага ч гэлээ, төрийн албаны цалингаар өдий зэрэгтэй хөрөнгөжсөн гэхээр л хар төрөх юм.
Мөн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, сургуулийн нягтлангууд, эмнэлгийн эмч нар санаанд ч багтамгүй орлоготой төрийн албан хаагчид олон байгаа байх даа. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг ч бас олж үзэж, ангилж бичмээр санагдлаа.