Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны орой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчласан юм.
Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр С.Баяр,Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэгт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Шүүх хуралд Ч.Сайханбилэг нь цагдан хорих 461-р ангиас онлайнаар шууд холбогдож оролцсон” гэж мэдээллээ.
Г.Нараа