УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарт холбогдох хэргийг хуулийн байгууллага таван жилийн өмнө шалгаж эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь өөрийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны санхүүжилттэй Халзанбүргэдэй, Солонготын давааны чиглэлийн зам тавих нэрээр 43.6 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, өөрийн хүүгийн “Монроуд” компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.
Халзанбүргэдэй болон Солонготын давааны зам чанарын шаардлага хангахгүй гэдгийг орон нутгийн жолооч нар хэлж, гомдоллох нь бий. Тэгвэл хуулийн байгууллага Б.Гарамгайбаатар нарыг удтал шалгасны эцэст тэднийг гэм буруугүй гэж үзсэн байна. Тухайн үед Б.Гарамгайбаатарыг саатуулан шалгаж, сүрийг үзүүлж байсан хэдий ч гэм буруугүй гээд мэдээллээд эхлэхээр иргэдэд прокурор авлига авсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Халзанбүргэдэй, Солонготын давааны чиглэлийн зам Засгийн газраас 37 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байсан. Гэвч зам тавигдсангүй. Харин мөнгө дууссан. Тиймээс Хөгжлийн банкнаас дахин 43.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь Б.Гарамгайбаатарыг шалгах үндэслэл болсон юм. Гэвч хуулийнхан таван жил шалгасан хэдий ч Б.Гарамгайбаатарыг буруутай гэдгийг тогтоож чадсангүй.