Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт энэ сарын 27-нд буюу маргааш Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжом тосгонд зохион байгуулагдахаар болжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэхүү уулзалт нь Солонгосын дайнаас хойших түүхэн дахь гурав дахь дээд хэмжээний уулзалт болох юм.
Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдах талаар Өмнөд Солонгосын тал албан ёсоор мэдээлжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар талууд цөмийн зэвсэг устгах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцах аж.
Уулзалтын үеэр барих үдийн хоолны цэсийг Өмнөд Солонгосын засаг захиргаанаас танилцуулжээ. Хоолны цэсэнд шарсан загастай хоол орсон бол харин амтанд Такэсима арлыг багтаасан Нэгдмэл Солонгосын газрын зургийг хөх өнгөөр дүрсэлсэн цагаан шоколадтай цэлцэгнүүр оржээ.