МҮЭХ: Цалин нэмэхгүй бол голлох салбаруудад ажил хаялт зарлана

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж улс орон даяар эсэргүүцлийн  тайван жагсаалыг зохион байгууллаа.

Өнөөдрийн Сүхбаатар жанжны талбайд зохион байгуулагдсан эсэргүүцлийн тайван жагсаалд Дархан-Уул аймгийн ҮЭХ, Төв аймгийн ҮЭХ, Монголын  Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Соёл Урлагийн Ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд оролцлоо.

Х.Амгаланбаатар: Сүүлийн гурван жил хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс огт нэмсэнгүй

Жагсаалыг нээж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үг хэлсэн юм. Тэрээр “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан төрийн албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газраас шаардах зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Өнөөдрийн жагсаалыг зөвхөн Улаанбаатар хотод биш улс орон даяар зохион байгуулж байгаа. Улсын Их хурлын гишүүдийн мөрийн хөтөлбөрт иргэдийн цалин хөлсийг нэмэхээр тусгасан байдаг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрээр энэ асуудлыг эцэслэн тохирсон ч сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс огт нэмсэнгүй. Өнөөдрийн бидний тавьж буй шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбаруудад ажил хаялт зарлах болно.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээр хийх саналыг бидэнд Засгийн газраас бидэнд ирүүлсэн. Тиймээс жагсаал үр дүнгээ өгч, Засгийн газар бидний саналыг хүлээн авна гэж найдаж байна. Хэлэлцээрийн үеэр бид нэн тэргүүнд иргэдийн цалин хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  нэмэгдүүлэх санал тавих болно” гэж мэдэгдсэн юм.

Засгийн Газраас цалин хөлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн тухай хуулийг өмнө хүрсэн түвшингээс нь дордуулахгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, УИХ-ын 2017 оны 4-р сарын 14-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох, Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардаж байгаа юм.

Г.Цогтгэрэл: Бид цалингаа нэмэгдүүлэхийн тулд тууштай тэмцэнэ

Монголын  Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ЕБС-иудыг хариуцсан зохион байгуулагч Г.Цогтгэрэл “Бид нар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж Засгийн Газарт  тавьсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл нааштай үр дүн гарахгүй байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардлагыг удаа дараа Засгийн Газарт хүргүүлсэн. Шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Бид цаашид цалингаа нэмэгдүүлэхийн тулд тууштай тэмцэнэ” гэж жагсаалын үеэр ярилаа.

Ж.Батзориг: Бидэнд 10 дугаар сарыг хүлээх боломж алга

Харин Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг Засгийн Газраас шаардсан. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрийг хуралдуулах болсон. Бид аравдугаар сарыг хүлээхгүй. Цаг хугацааг хүлээх боломж бидэнд алга. Дэлхийн дунджаас 7-8 хувийн хэмжээнээс бага цалин авч байна, ийм байдал цааш үргэлжилбэл ажил эрхэлж байгаа хүмүүс бүгд ядуурлын хэмжээнд орно. Хөдөлмөрчдийн цалин амьдралд нь хаана ч хүрэхгүй байгаа тул бид тэмцлийнхээ үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ” гэдгийг хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …