“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг стандарт банканд барьцаалж зээл авахад баталгаа гаргаж өгсөн гэж буруутгагдаж байсан ч одоо хэр хяналт шалгалтаас холуур яваа хүн бол Д.Сугар юм. Түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхад Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг хэд хэдэн удаа барьцаалж зээл авсан байдаг.
Одоо Ш.Батхүүтэй холбоотой, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудалтай холбоотой байж болзошгүй бүх хүнийг хуулийнхан шалгаж, заримыг нь цагдан хориод байгаа. Харин Д.Сугар л Үндсэн Хуулийн цэцийн гишүүн учир хамгаалалтад орчихоод хуулийнхан шалгаж чадахгүй байна гэж хардахад хүргэж байлаа.
Тэгвэл Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа долоо хоногийн дараа дуусах тухай эх сурвалж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Д.Сугарын төрийн хамгаалалтад байх, халдашгүй дархан эрхийн хугацаа дуусч байгаа аж. Ингэснээр хуулийнханд түүнийг шалгах боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Гэхдээ ҮХЦ-ийн гишүүнээр улиран томилогдох боломжтой гэнэ. Хэрвээ Д.Сугар улиран томилогдвол дахин зургаан жилийн хугацаанд төрийн хамгаалалтад орж, халдашгүй дархан байдалтай болно. Уг нь Д.Сугараас мэдүүлэг байцаалт авчихвал энэ хэрэг үндсэндээ цэгцэрч, гэм буруутанг шийтгээд явчихаж болохоор харагдаад байгаа. Гэвч үнэхээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдчихсон хэрэг болохоор өдийг хүртэл шийдлээ олж чадалгүй, зэлтрийн гацаанаас гарч чадалгүй байсаар л байна.