Монголчууд хэзээ мөдгүй АНУ-д очиж гурван сараас нэг жилийн хугацаатай хөдөлмөр эрхэлж, мөнгө хураагаад эхлэх тухай мэдээлэл хагас жилийн өмнөөс цацагдаж эхэлсэн. Тодруулбал, АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2 визний хөтөлбөр хэрэгжиж, Солонгосын визэнд оочирлож байгаа Монголчуудад өөр нэг гарц бий болох нь гэсэн таатай мэдээ дуулдаж байв. Гэвч таатай мэдээ үүнээс хол явсангүй.
Дуулиан шуугианы далимаар хувийн хэдэн компани “АНУ-д ажилд зуучилна”, “Н2 визэнд зуучилна” гэгчлэнгээр иргэдийн халаасыг сэгсрээд авсан. Харин холбогдох албан тушаалтнууд нь “Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулж, мөнгө төгрөг татсан хууль бус үйлдлүүд гарч байна. Болгоомжтой байгаа” гэдэг анхааруулгыг өгсөөр удаж байна.
АНУ-ын ажил олгогчидтой манай компаниуд холбогдож чадахгүй байгаа юм уу, эсвэл энэ хөтөлбөр үнэхээр хэрэгжих боломжгүй байгаа ч юм уу бүү мэд. Иргэдээр таавар таалгаж, албан тушаалтан нь мөрөө хавчсаар өдийг хүрчихлээ. Сүүлдээ энэ хөтөлбөрийн тухай зүүдэндээ сонссон юм болов уу гэж эргэлзэхэд ч хүргэж байх шиг.
Тэгвэл АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр “АНУ-д өндөр цалинтай ажиллах Монголчуудын мөрөөдөл”-ийг ажил хэрэг болох нь бүтэмж муутай байгаа тухай саяхан нэг ярилцлага даа дурджээ. Тухайлбал тэрээр “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тун амаргүй байна. Хажууханд нь Мексикээс 100 ам.доллараар ажиллах хүч оруулж ирж болоод байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж ажиллах хүчин авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Гэсэн ч бид АНУ-ын ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна” гэж ярьжээ.
Өөрөөр хэлбэл “H2 виз гаргаж, Монголчуудыгаа өндөр цалинтай ажилд зуучилна” гээд үлгэр ярьчихсан. Гэтэл өнөөх үлгэрийн хэтэрхий үнэмшилтэй байсан учир одоо үлгэрээ бодит болгох гэж зовж яваагаа салбар яамныхан, тус улсад суугаа Элчин сайд нь тайлбарлаад эхэллээ шүү дээ.
Хажуухандаа байгаа ажиллах хүчинд сарын 100 ам.доллар өгөөд ажиллуулчихаж байгаа Америкчууд хаа байсан Монголоос 2000 ам.долларын цалинтай ажилтан авна гэж юу байх вэ. Та бод л доо. Ямар ч бизнесмэн бага зардлаар ихийг олохыг хүснэ. Гэтэл Монголчуудыг бодоод “өндөр цалин өгье” гээд явж байна гэж байх уу.
Зүгээр л хоёр улсын холбогдох эрхмүүд санал солилцож, ярилцсан зүйлээ өнөө маргаашгүй АНУ-д очоод ажиллаад сардаа 2000 ам.долларын цалин аваад явах боломжтой болчихлоо гэж иргэддээ итгүүлчихсэн Монголын албан тушаалтнуудын л буруу юм. Одоо сэрүүн зүүдлэхээ больцгооё, залуус минь. Та бидний гадагшаа л бол хаашаа ч хамаагүй явчихмаар байгаа энэ хүсэлт дээр тулгуурлан төрийн оролцоотой, халаас тэмтрэх үйл ажиллагаа зохион байгуулагдсаар байна. Үүнийг ивээн тэтгэж, санхүүжүүлэхээ зогсооё.
Шөнө дуудлагын жолооч хийж, өдөр нь зах дээр тэрэг түрсэн ч Монголдоо амьдарч болоод л байна. Болохгүй бол хөдөө гарч, ногоо тарьж, мал малласан ч манайд хийх ажил их байна шүү дээ. АНУ-д очоод яг ийм л ажил хийнэ. Цалин нь өндөр, орчин нь сайхан ч эх нутгийг чинь яаж гүйцэх вэ. Ажилгүй, орлогогүй байгаа гэж бухимдахын оронд өөртэйгээ ижил залуусыг цуглуулж, эх нутгаа ажилтай орлоготой болгоход тэмүүлэхсэн…