ТЕГ сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Ц.Нямдорж сайдаас тайлбар авсан гэв

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж татагдаж, улмаар Тагнуулын Ерөнхий газарт очиж байцаалт өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна.

Нийслэлийн прокурорын газраас “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид гүйцэтгэх ажиллагаа хийж, хувь хүний нууцад халдах заавар, тушаалыг хэн өгсөн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тагнуулын ерөнхий газар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тайлбар байцаалт авсан бол энэ хэрэгтэй Ц.Нямдорж холбоотой болж таарах гээд байна. Өмнө нь хэвлэлүүд хардаж бичиж байснаар Ц.Нямдорж захиалагч ч байж мэдэх юм. Тэгвэл Ц.Нямдоржид сэтгүүлчдийг тагнах, чагнах ямар шаардлага байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна.

Гэхдээ Ц.Нямдорж сайдын хувьд ” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нөхөд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байнга л тийм юм хийж байгаа. Энэ мэдээг би харсан. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнуулсан. Тэр байтугай нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудуулж, айлган сүрдүүлсэн гэнэ.  Ийм л худлаа зүйлүүд биччихсэн байна. 27 жилийн хугацаанд би сэтгүүлчийн тухай хатуу үг хэлж үзээгүй хүн шүү. Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Ер нь, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн бүрийг дарамталж байна. Уржигдар Л.Болдыг байцаасан, өчигдөр Ж.Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ” гэдэг тайлбарыг хийсэн юм.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийнханд Ц.Нямдорж сайдтай зууралдах ямар шаардлага байгаа вэ. Удахгүй энэ бүгдийн учир шалтгаан олдож, Ц.Нямдорж сэтгүүлчийг тагнасан уу, эсвэл 49-ийнхэн ийм ажиллагаа зохион байгуулаад байна уу гэдэг нь тодорхой болох байх. Ямартай ч Ц.Нямдорж сайд ТЕГ-т очиж, дээрх асуудалтай холбоотой тайлбар өгсөн тухай мэдээллийг эх сурвалж өглөө.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …