Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага хэн ч бай татвар төлөх л учиртай. Гэтэл хууль ёсны дагуу татвар төлөхөөс зайлсхийж, Татварын ерөнхий газраас тавьсан актыг үргэлж эсэргүүцэж, гомдоллож байдаг нэгэн том эрх, дархтай байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад удаж байна.
Энэ бол Оюутолгой юм. Татварын байгууллагаас тус компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Гэвч үүнийг Оюутолгой хүлээн зөвшөөрсөнгүй.
Ингээд л нэг байгууллага татварын асуудалд ормогц Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг гаргаж уг асуудлыг судалж эхэллээ. Энэ ажлын хэсэгт нь гурван яам, долоон агентлаг, Рио Тинто компанийн төлөөлөл орсон гэж байгаа.
Монголын талаас мэдээж татвар авна л гэж байгаа бол нөгөө тал нь өгөхгүй гэж маргаан үүсгэсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоож, үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олчихоод татвар төлөхгүй гээд байгаа Рио Тинтогийн асуудлыг үнэхээр ойлгохгүй юм.
Оюутолгойд тавигдсан 150 сая ам.долларын татварын актыг тэд 25 бүлэгт ангилж, 21-ийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар албаны хүн мэдээлсэн байна. Ингээд хүлээн зөвшөөрч байгаа дөрвөн бүлэгт үндсэндээ 10 сая ам.долларын асуудал байгаа аж.
150 сая ам.доллар ч бай, 10 сая ам.доллар ч бай яагаад тэд Монгол Улсад энэ их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, акт, торгууль тавигдах хүртэл явсан бэ. Нөгөө Монголын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг нь хаана байна вэ?
Иргэн Оюун дэлгүүр ашиг муутай ТҮЦ ажлуулаад татвараа цаг тухай бүрт нь төлөөд байхад Оюутолгой болохоор татвараа төлөхгүй явсаар 150 гаруй сая ам.долларын акт тавиулчихсан байгаа юм. Ямар чихэр боов, ширхэгийн тамхи зарж байгаа биш. Тонн, тонноор нь Монголын баялагийг ухаж, хил давуулан худалдаалж байгаа биз дээ. Үүнээсээ тодорхой хэмжээнд татвар төлөөд явахад яагаад болохгүй гэж.
Нөгөө С.Баярцогтын, Ч.Сайханбилэгийн гайхуулаад байдаг “ГЭРЭЭ”-нд Рио Тинто компанид Монголд татвар төлөхгүй гэж заачихсан юм уу. Хэрвээ тийм зүйл байгаа бол гэрээнд гарын үсэг зурж үзэглэсэн нөхдөд хариуцлага тооцож, ийм гэрээ хийхийг шаардсан гадны компанитай цаашид хамтран ажиллахгүй байх асуудлыг хөндсөн ч болохоор байна.
Нэгэнтээ Монгол Улсад ноогдол ашиг гэж сүйд болохоор зүйл өгч чадахгүй байгаа Оюутолгой ядаж татвараа ч болов асуудалгүй өгөөд явчих хэрэгтэй. Ингэж чадахгүй гэж маргасаар Монгол Улсын татварын асуудал гадны Арбитрын шүүхэд шилжихээр болчихоод байна.
Оюутолгойд тавигдсан 150 сая ам.долларын татварын актыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар “Монгол Улс татварын хуультай. Актыг эрх үүргийнхээ хүрээнд татварын байцаагч тавьдаг. Тэр хүн бүрэн эрхийнхээ хүнээд асуудлыг судалж, үзээд акт тавьсан. Би ингэж л харж байна” гэж тайлбарлажээ. Тэгэхээр Монголын тал энэ татварыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулж, ашиг олсон Рио Тинто татвараа төлөх ёстой гэдэг байр суурьтай байгаа нь харагдаж байна. Харин Рио Тинто болохоор Арбитр яриад хөдөлж өгдөггүй.
2014 онд татварын байцаагч Оюутолгой компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байсныг санаж байгаа байх. Рио Тинто мөн л төлөхгүй гэж унжсан. Удалгүй 130 сая ам.доллар 30 сая ам.доллар болж буув. Харин Оюутолгойд тавигдсан татварын акт гэнэт буурсан талаар тодруулахыг хүсэхэд “Улсын нууц” гэж халхавчилж байлаа. Үүнээс хойш ердөө дөрөвхөн жилийн дараа Оюутолгойд дахин 100 гаруй сая ам.долларын татварын акт тавигдаж байна. Татварын хувьд зөрчил байгаа учраас л төрийн албан хаагч эрх үүргийнхээ дагуу акт тавьж байгаа. Гэтэл дахиад л унжигнаад эхэллээ. Одоо 150 сая ам.долларын татварын акт 50 сая болж буурах уу. Ингэж байхаар шууд Оюутолгойгоос татвар авахаа больчихвол яасан юм бэ?