Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний дунд бидний танил Д.Сугар ч багтаж байгаа юм.
УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурван хүний томилгоо хийж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг бүрдүүлдэг билээ. Мөн бүрэн эрх нь дууссан гишүүний томилгоог анх институц нь нөхөн томилдог юм.
Эндээс Ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тодруулбал, Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилж байсан бөгөөд тэдний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Р.Бурмааг өмнө нь нэг удаа нэр дэвшүүлж байсан. Гэвч УИХ дахь олонхийн бүлэг Р.Бурмааг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд долоон сарын дараа Р.Бурмааг дахин ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ. Гэхдээ ганц Р.Бурмаа дээр тогтчихоод байгаа юм биш түүнээс гадна МУИС-ийн багш яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ УИХ Р.Бурмааг дахин дэмжихгүй гэдгээ илэрхийлбэл Ерөнхийлөгч өөр хувилбараа гаргаж тавих биз.
Магадгүй УИХ дахь МАН Ерөнхийлөгчийн саналыг дэмжихийн тулд өөрсдийн саналыг тулгаж болзошгүй. Өөрөөр хэлбэл Р.Бурмааг дэмжихийн тулд Д.Сугарыг улираан томилох асуудлыг босгож болзошгүй. Д.Сугарын бүрэн эрх дууссан хэдий ч УИХ-ын томилгоо учраас улираан томилж магадгүй гэж мэдээлж байгаа. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг Р.Бурмааг дэмжвэл Д.Сугар улирна гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсээд байна.
Гэвч үндсэн хуулийн цэц нь “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр биш ээ гэдгийг манай түшээд яагаад ойлгодоггүй юм бэ. Р.Бурмаа, Д.Сугар нараас гадна П.Очирбат гээд аль эрт хугацаа нь дуусч, гавьяаны амралтаа авахаар болчихсон хүмүүс цэцийн гишүүн нэртэй тусгай хангамж эдлээд, төрөөр хамгаалуулаад сууж байна.