Х.Амгаланбаатар: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэрт хариу ирүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны хоёрдугаар улиралд багтаан нэмэгдүүлэх саналын хариуг ирэх Даваа гариг ирүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх болсон талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар энэ оны хоёрдугаар улиралд багтаан нэмэгдүүлэх саналын хариуг энэ сарын 21-ний дотор буюу ирэх Даваа гаригт ирүүлээгүй тохиолдолд МҮЭХ-ноос хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн хамтын маргааныг улс орон эхлүүлэхээр шийдвэрлэсний албан ёсоор мэдэгдэж байна.

Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй ажил хаялтын өмнөх суултыг МҮЭХ-ноос өнөөдрөөс эхэлж нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах болсон. Энэ ажлын хэсгийн ахлагчаар МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адъяа ажиллаж байна. Ажил хаялтын өмнөх суулт зөвхөн эмч, сувилагч, багш нарын эрхийн асуудлаар сууж байгаа суулт биш. Төрийн албанд ажиллагсдын цалин хөлс болон бусад салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлэхгүй байгаа учраас хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх нэгдсэн ажил хаялтын өмнөх суулт гэдгийг” онцлон хэлэв.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа“Ажил хаялтын өмнөх суултыг улс төржүүлж харж байгааг үгүйсгэхгүй. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо улс төрийн байгууллагаас хараат бус, бие даасан байгууллага. Бид цэвэр эдийн засгийн тэмцэл хийж байгаа ” гэв.

Хэвлэлийн бага хурал Сүхбаатарын талбай дээрх ажил хаялтын өмнөх суулт дээр үргэлжилсэн юм.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг“Би өчигдөр үсээ хусаагүй. Миний үс унах болсон шалтгаан сүүлийн таван сар үүдэл эсийн хорт хавдраар өвдөж, химийн эмчилгээний улмаас үс унасан.Би эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллахдаа сүүлийн хэдэн жил тасралтгүй хавдрын сувилагч хийсэн. Надад хураасан мөнгө байхгүй. Гурван хүүхэдтэй надад ямар ч мөнгө хураах боломж гараагүй. Миний цалин өр зээлээ төлөөд дуусдаг. Бид өрнөөс өрнийн хооронд амьдарч байна. Хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй тул бусдын тус дэмээр хөл дээрээ босcон. Би арван гаруй жил ард түмнийхээ төлөө явсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдаа миний гурван хүүхдийн төлөө намайг авраач. Би ч гэсэн амьдармаар байна. Хэрвээ би өндөр цалинтай, мөнгө хурааж байсан бол өдийд та бүхний өмнө уйлаад сууж байхгүй байсан. Миний гурван хүүхдэд ээжийг минь үлдээж өгөөч ” гэлээ.

Мөн тэрээр миний өндөр настай ээж, гурван охиныг минь элэг бүтэн амьдрах минь туслаач. Эрүүл мэндийн сайдаа надтай уулзах цаг гаргаач гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүслээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …