МАН-ын дэргэдэх Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны Стратеги академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУ-ын ЗГ-ын Удирдлагын академи хамтран энэ ЭШБХ-ыг 2018.05.03-нд явуулах гэж байгааг би тохиолдлоор мэдээд тэнд сууж сонирхсон юм . Сонирхсон гол шалтгаан гэвэл МАХН 2017 оны 11 дүгээр сард Карл Марксын “Капитал” зохиолын ойд зориулсан Дугуй ширээний ярилцлага зохион байгуулсныг “TV9” телевизийн нэвтрүүлгээс үзсэнтэйгээ харьцуулмаар санагдсан билээ. Бас сүүлийн жилүүдэд зарим эрдэмтэн марксизмын философи, тухайлан түүний диалектик сургаал нь түгээмэл аргазүйн ач холбогдолтойн тухай ном бичсэнтэй танилцсан талтай. Эдгээрээсээ нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт хамаарах ажил хэргийн утгатай зарим бодол, саналаа сонирхсон хүмүүст хүргэж байна.
Маркс судлал урьдаас улам өсөж байгаа, ер нь өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиуд “Капитал” зохиолыг чухлаар судалдаг, тэгэхдээ анх хэвлэсэн хэл дээр нь зарим их сургууль судалдаг, улс төрийн эдийн засгийн ухааны(энд манайхан марксизмынхыг илүү тухайлдаг) тэнхим олон оронд бий болж байгаа тухай бахдан ярьж, бичих нь сүүлийн хэдэн жилд өмнөх хэдэн жилээсээ нэмэгдэж байх шиг. Бас К. Маркс, Ф. Энгельс нарын “Коммунист намын тунхаг” хамтын зохиолын гар бичмэл нь дуудлага худалдаанд 88 мянган ам. доллараар үнэлэгдсэн тухай мэдээлээд энэ бол зүгээр нэг хуучны бэх, цаасанд өгсөн үнэ биш байх гэж дараа дараагийн бүтээлүүддээ чухалчлан дурддаг номондоо уншигчдад анхааруулан бичсэн эрдэмтэн бий ( энэ бахдал үгтэй мөрүүдийг дэргэдээ байсан хоёр оюутанд уншуулахад тэд: ёстой л соёлын дурсгалт ”хуучны бэх цаас” мөний нь хувьд баян хүн чамирхаж өндөр үнэлсэн байлгүй дээ. Тэр зохиолын агуулгыг нь чухалчилж, судалъя гэсэн бол орчин үед сайн хэвлэсэн номыг нь худалдаж авах байлгүй гэж билээ).
Нэг тал барьсан, сэтгүүлчдийн хэллэгээр бол мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй сурталчилгаа нь үзэл санааны олон ургальч зарчимд үл нийцэж, үүгээрээ уншигч, сонсогч нарын, түүний дотор залуу үеийнхний толгой эргэхэд нөлөөлөх нэг шалтгаан болох эрсдэлтэй юм. Уг нь тухайн зохиогч, илтгэгч хүн онолын маргаантай асуудлыг авч үзэхдээ шударга зарчмыг, үнэнийг эрхэмлэж байгаа бол өөрийнхөө итгэл үнэмшил болгож буй үзэл, байр сууриа хамгаалахдаа бусдын эсрэг үзэл, үндэслэгээг сурвалжлан илрүүлж, түүнээ өөрийнхтэйгөө харьцуулан шинжилдэг байвал бичсэн, өгүүлсэн нь илүү хариуцлагатай, нилээд ажил хэрэгч үр дүнтэй бөгөөд үнэмшил төрүүлэх хүч сайтай байх биз.
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сэдвээр зохиодог ЭШБХ-д холбогдуулж өөр зарим санал, бас онолын бодол хэлье.
Нэгэн зүйл. ЭШБХ бол судалгааны үр дүн болсон бүтээлүүдийг ажил хэрэгчээр шүүн хэлэлцэж, үзэл бодлоо уралдуулах аргахэмжээ байх ёстой. Гэтэл манайхны “ЭШБХ” гэж зарласан зарим хурал нь нэгэнт бэлэн байгаа онолыг хичээл маягаар заасан арга хэмжээ болдог билээ. Тэгвэл ийм зорилго, агуулга бүхий бага хурлыг “ЭШ-ний” гэж биш, харин “онолын” гэх мэтээр тодотгох оновчтой байхаар юм. Бас зөвхөн магтсан зориулалт, агуулга бүхий “эрдэм шинжилгээний” гэсэн тодотголтой хурлыг бол “ёслолын”, “баярын”, “гэгээрлийн”,”хүндэтгэлийн” гэх мэт хэллэгийн аль тохиромжтойгоор нь тодотгодог байвал онвчтой байхаар санагддаг юм. Нэр оновчтой байвал уригдсан ба сонирхсон хүмүүс зарлагдсан хурлын зорилго, өнгө ая ямар байхыг урьдчилан багцаалахад тустай байх биз.
Нэгэн зүйл. Эдүгээ манайд философийн ухаанаар эрдмийн өндөр цол, зэрэг хүртэж, хүндэтгэл хүлээдэг хүмүүс нь философийг шинжлэх ухаан гэж ХIХ зууны цөөн зарим сэтгэгч шиг үзэл сурталжиж зарлан, буцаагаад шинжлэх ухааны төдийгүй шинжлэх ухааны ч биш өөр олон төрлийн холбогдохгүй мэдлэгийг философи гэж ярьж, бичиж байгаа. Үүгээрээ өөрийгөө будилуулах нь хувийн хэрэг байж болох боловч бусдад буруу хаялгатай нь тоогүй юм. Жишээ нь, миний суусан ЭШБХ дээр эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтдээс “Капитал” зохиолын үнэ цэнийг харуулсан тайлбарууд нь Карл Марксын шинжлэх ухааны судалгааных нь үр дүнг Монголын өнөөгийн бодит байдалд буулгах зорилт тавьсан шинжлэх ухааны сэдэвт тайлбарууд байв. Ер нь “Капитал “ зохиол дахь эерэг үнэлэмжтэй онолын үнэлгээ, дүгнэлт, үндэслэлүүд нь бараг бүгдээрээ шинжлэх ухааны мэдлэг байдаг бололтой. Гэтэл тийм мэдлэгийг философи мэдлэг юм шиг бичиж ярьдаг хүмүүс байгаа нь харамсалтай.
К. Маркс “Капитал” болон бусад олон зохиолдоо капиталист эдийн засгийн төдийгүй хүн төрөлхтний соёлын амьдралын зарим чухал үзэгдэл, үйл явдлыг авч үзсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгээсээ үнэлэмжийн онолын буюу философийн дүгнэлтүүд хийсэн байдаг. Харин тэдгээр нь онолын үүднээс анхнаасаа шүүмжэлд өртөж ирсэн сургаал билээ. Хамгийн ноцтой нь К. Маркс, Ф. Энгельс нарын хамтын бүтээл “Комунист намын тунхаг”-т дэвшүүлсэн дагуу хувийн өмчийг устгаж, зөвхөн нийгмийн өмч тогтоодог социализм, коммунизмыг байгуулах нийгэм-улс төрийн зорилт ЗХУ тэргүүтэй олон оронд, түүний дотор БНМАУ-д бүтэлгүйтсэн нь өнөөгийн ахмад үеийнхэн болох мань мэтийнхний нүдэн дээр болсон билээ. Гэтэл тийнхүү бүтэлгүйтсэннийг мэдсээр атлаа скандинавын социализм, Хятадын өнөөгийн социализм зэрэг бол Марксын сургаалын хэрэгжилт мөн гэдэг сурталчилгаа бол онол, амьдрал аль аль талбарт олон хүний, харамсалтай нь олон олон залуу хүний толгойг эргүүлж байна. Яагаад гэвэл социализм бол Марксын онолоор коммунизмын эхний, гэхдээ хувийн өмчийг бүрэн даван туулаад нийгмийн өмч тогтоосон тийм анхан шат мөн ахул скандинавын орнуудын гэх мэт өнөөгийн өдрүүд дэх социализм бол тухай тухайн орон хүн амдаа нийтэд нь юм уу зарим хэсэгт нь хэрэгжүүлж буй нийгмийн зарим зорилт мөн болохоос хувийн өмчийг устгаад оронд нь нийгмийн өмчийг дангаар нь тогтоодог бие даасан нийгэм юм уу нийгмийн шат биш билээ(уг нь нийгэм, улс төрийн сэтгэлгээнд ойлгомжтой ийм юм бичиж байх нь уншигчийн цагийг дэмий үрсэн улиглал юм даа гэж санаа маань зовж байгаа ч толгой эргүүлэх суртал нэвтрүүлгийг зогсоосой гэсэндээ ингэж мэдээж юм дурдахад хүрлээ). Эцсийн дүндээ эдгээр дурдсан болон манай зарим сурталчид “социалист” гэж зарладаг бусад оронд капиталист хувийн өмч бүхий нийгэм нэн амжилттай хөгжиж, хүн амынхаа шаардлагатай хэсгийн амьдралд анхаарал тавих төрийн бодлого нь үр нөлөө сайнтай байгааг хэвлэлийн мэдээнүүд нотолж байгаа билээ.
Карл Маркс бол шинжлэх ухааны нэг суут төлөөлөгч бөгөөд үүний зэрэгцээ диалектик материалист философийг үндэслэгч, энэ философийнхоо аргазүйгээр даян дэлхийд коммунизм ялах тухай сургаал бүтээгч мөн тухайд нэмж хэлэх зүйл. К. Маркс эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс илэрхийлсэн олон үнэ цэнэтэй үр дүн, дүгнэлтүүд Монголын өнөөгийн эдийн засгийн амьдралд хэрхэн ач холбогдолтой талаар дурдан буй ЭШБХ дээр эдийн засгийн ухааны эрдэмтэд маань өгүүлсэн юм. Шинжлэх ухааны бусад салбарын адилаар эдийн засгийн шинжлэх ухаан бол өөрт холбогдох үзэгдэл, үйл явдал, баримтыг олж илрүүлж, тэдгээрийн үүссэн дараалал ба өөр хоорондынх нь төсөө ба ялгааг тогтоон, гаргаж буй үр дагаврыг байгаагаар нь тоочин мэдээлэх зэрэг үндсэн гүйцэтгэлтэй байдаг тул тийм үр дүнгүүд маргаан төрүүлэх шалтгаан багатай байж, үнэ цэнэ нь удаан хадгалагддаг бололтой. Улс улсад Марксын бүтээлүүдэд, ялангуяа “Капитал” зохиолд сургалт, судалгааны байгууллагууд нухацтай ханддаг нэг чухал шалтгаан гэвэл уг бүтээлүүд дэх шинжлэх ухааны өв нь орчин үед ямар сургамж, ач холбогдол бүхий буйг Марксын онол төрсөн түүхэн нөхцөл, эдүгээгийн улс орнуудын нөхцөл хоёрыг судлан харьцуулсны үндсэн дээр авч үзэхэд чиглэдэг байх. Олон оронд маркс судлал идэвхтэй байгаагийн өөр нэг чухал шалтгаан гэвэл Маркс үнэхээр бахдам олон талт, бүтээлч шаргуу хөдөлмөр, оюун ухааны суу билиг зэргээ шингээсэн шинжлэх ухааны судалгаа явуулж, бас хүн төрөлхтний оюуны соёлын чухал чухал ололтоос судлан эзэмшсэн зэргийнхээ мөн онолын үр дүнгээс философийн сургаалаа боловсруулж иржээ. Тийнхүү Карл Маркс бол шинжлэх ухааны салбар дахь суут эрдэмтэн, бас хувийн өмчийг даван туулж, төрийг мөхөөсөн коммунист нийгмийг даян дэлхийд ялуулах зорилтыг тунхагласан философийг үндэслэгч мөн.Тэрээр онолын ийм хоёр өөр төрлийн төлөөлөгч мөний хувьд, бас философийн сургаалыг нь Европ, Ази, Америк зэрэг тив дэх 10 гаруй улс эх орондоо бодит нийгэм болгох гэж олон арван жилээр хүн амынхаа бие, сэтгэл оюуны хамаг хүчийг зориулаад бүтээгүй тийм өв бүтээсэн хүний хувьд хүн төрөлхтний түүхэнд үйл хэрэг, нэр төр хоёр нь эерэг ба сөрөг аль алинаар мөнхөрсөн хувь заяатай билээ.
Тэгвэл Карл Марксын эдийн засгийн онолд болон капитализмын хар толбо, нүглийг илчилж, олон улсын ажилчин ангийг энэ нийгмийн дарлал мөлжлөгөөс хэрхэн чөлөөлөх арга замын тухай түүний боловсруулсан нийгэм, улс төрийн сургаалд дан ганц магтан дуулж биш, эсвэл цулгуй үгүйсгэн муулж хандах биш, харин юуг нь яаж үнэлэх эрүүл саруул бодит байр суурь баримтлахын төлөө байвал одоо ба ирээдүйн үеийнхэнд сайн үйл болох биз.
Дашрамд дурдахад философийг шинжлэх ухаан биш, харин үнэлэмжийн онол мөн гэх нь энэ аугаа ухааны үнэ цэнийг бууруулдаг гэж манай олон олон онолч, түүний дотор манай том философичдын зарим дургүйцдэг билээ. Өөрийнхөө философийг шинжлэх ухаануудын шинжлэх ухаан гэж өргөмжилсөн Гегелийн байр суурийг шүүмжилсэн үйл ажиллагаа нь философи бол үнэлэмжийн онол мөн гэдэг үзлийг Маркс, Энгельсийн үеийн, гэхдээ тэдэнтэй онолын зам нийлдэггүй философич нар үндэслэн боловруулахад хүргэсэн аж. Аливаа философи зөвхөн өөрийнхөө холбогдон хамаарч буй талбар ба нөхцөлдөө үнэн, хүчинтэй байж чаддаг бөгөөд харин бусад талбар ба нөхцөлд түүнийг хамаатуулбал туйлшруулга, худлаа мэдлэг болж таарна гэж заадаг үнэлэмжийн онолыг миний үеийнхэн мэддэггүй байв. Тэр нь тухайн үеийн нам-төрийн албан ёсны бодлого, үзэл суртлын шалтгаантай байсан билээ. Үүнд, хэрвээ үнэлэмжийн онол миний тэр үеийн Монголд дэлгэрсэн байсан бол зөвхөн марксизм-ленинизмийг, түүний нэг бүрэлдэхүүн диалектик материализм ба түүхийн материализмыг манай дэлхий дэх жинхэнэ үнэн ганц сургаал мөн гэдэг Үндсэн хууль ба намынхаа программд бататгасан суртал нэвтрүүлэг болбоос философийн үүднээс няцаагдах байв.
Ер нь ганц философи биш, харин шинжлэх ухаанаас бусад(урлагийн, шашны тухай зэрэг) аливаа төрлийн онол бүгд үнэлэмжийн мэдлэг билээ. Ийм өөр өөр хэв маягийн үнэлэмжийн онол тус бүр болбоос хүн төрөлхтний нэн олон талт үйлдлийн аль нэг юм уу зарим холбогдох салбар дахь хэрэгцээг өөр ямар ч төрлийн мэдлэгтэй хуваалцахгүйгээр хангаж, үүгээрээ бусад мэдлэгээс илүү ч биш, дутуу ч биш, гэхдээ харилцан бие биедээ эерэг, сөрөг зэрэг янз бүрийн нөлөө үзүүлж оршдог онцлогтой.
Тэгвэл хөндсөн сэдэвтээ энэ дашрамын мэдээгээ холбогдуулбал Марксын сургаалыг өөрийнх нь хүрээнд юм уу бусад онолчийн үзэлтэй зэрэгцүүлэн харьцуулж авч үзэж буй зэрэг аливаа нөхцөлд энэ сургаалыг дэмжсэн юм уу шүүмжилсэн талтай хамгийн янз бүрийн үнэлгээ болбоос үнэнийг таньсан үр дүн, тогтсон итгэл үнэмшил, аялдан дагасан, бэртэгчин сонирхол гэх мэт өөр өөр шалтгаантай байх үндстэй. Гэхдээ ийм шалтгаанууд философи, түүх, урлагийн онол зэрэг аливаа төрлийн хүмүүнлэгийн мэдлэгт төрж байдгийг мэргэжлийн хүмүүс нь заадаг юм. Энэ бол ямар ч нэр хүндтэний бай сургаалд ажил хэрэгч сонирхолтой, хүндэтгэлтэй хандахдаа бас онолын сэрэмжтэй байх нь илүүддэггүй гэсэн дохио заалт мөн.
Мөн дээр өгүүлсэн бүхэн маань философи бол хүн төрөлхтний түүхэнд нэн онцгой эерэг гүйцэтгэл бүхий байж ирснийг үгүйсгэхэд чиглээгүй бөгөөд гэхдээ энэ тухай асуудал манай сэдэвт багтахгүй юм.
Доктор(Sc.D.),профессор Ц. Гомбосүрэн