Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна.
Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Хэлэлцээрт дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ.
-Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
-Төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
-Төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
-Хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
-Ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
-Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.
Хэлэлцээрийн ач холбогдол:
1. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ.
/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна./
“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж буй хэрэг юм.
2. Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.
Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм.
Дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт ННТ-ын дагуу суурь тарифаас 32 хувиас багагүй хөнгөлөлт олгох үүрэгтэй бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооноос тус ачаанд 2018 онд 58 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.