Б. Жагар:Нууцын гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр ажлын хэсгийн хуралдаанд оролцуулахгүй байна

“Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг УИХ-ын дарга М. Энхболдын захирамжаар 2018 оны 3-р сарын 23-ний өдөр байгуулагдаад гурван сар өнгөрч  байна. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 23-ний дүгнэлтээ танилцуулна.

Энэ ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн болох Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм.

Тэгвэл Оюу Толгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсгийн гишүүдээр нууцын гэрээнд гарын үсэг зуруулжээ. Нууцын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Жагарыг гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр ажлын хэсгийн хуралдаанд оролцуулахгүй байгаа аж.

Энэ талаар өнөөдөр УУХҮЯ-ны үүдэнд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаяр болон тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б. Жагар нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаяр “УИХ-ын дарга М. Энхболдын 57-р захирамжаар зохион байгуулсан Оюу Толгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсгийн гишүүнээр манай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар орсон. Гэвч ажлын хэсгийн гишүүдийн хуралд дуудахгүйгээр эсвэл цагийг нь тулгаж хуралдааныг товыг зарлаж байна. Энэ мэтээр залилан хэлбэрээр хурлаа хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж хуралдаж байна. Гарах үр дүн нь тодорхой болчихсон иймэрхүү байдлыг таслан зогсоохын төлөө “Оюу Толгой” 51 хувийг Монголын талд өгөх албан ёсны шаардлагыг Оюу Толгой компанид 5-р сарын 7, 31-нд хүргүүлсэн.

Шаардлагын хариуг ирүүлэхдээ шаардлага бишээр “Та бүхний явуулсан захианы хариуг илгээлээ” гэж ард түмнийг доромжилж явуулж байна” гэж мэдэгдлээ.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад ажлын хэсгийн гишүүн Б. Жагарыг хуралд оролцуулахыг шаардсан шаардлага хүргүүлэхээр болжээ.

Шаардах бичигт:Оюу Толгой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гэрээ дүгнэх зарим дэд ажлын хэсгийн хурал Оюу Толгой компаний төв салбарт нууцхан хэлбэрээр явагдаж байна. Жишээ нь 2018 оны 6-р сарын 8-ны өдрийн 15:00 цагт уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралд иргэний нийгэм, ТББ-ын төлөөлүүдийг хуралд оролцуулахгүйгээр ажлын хэсгийн гишүүн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ын ерөнхий зохицуулагч Б. Жагарыг хуралд оролцуулахыг байхыг тус компаний эрх мэдэлтнүүд үүрэг болгосон байна. Чухам яагаад гэдэг шалтгаан нь Б.Жагар нь манай компаний дотоод нууцыг ил тодоор гаргаж ярьж буй нь бидэнд хохирол учруулах магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь Монголын  төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг үл хүндэтгэсэн, төр баялагаа мэдэх эрх нь хаагдсаныг илтгэж байна. Иймд ажлын хэсгийн эрхэм гишүүн Д. Тэрбишдагва та энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна” гэжээ.

Нууцын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Жагараас зарим зүйлийг тодрууллаа.

– Оюу Толгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг гишүүд хэзээ нууцын гэрээнд гарын үсэг зурсан бэ?

-2018 оны 5-р сарын 23-ний өдрийн 15:00 цагт над руу Төрийн ордноос залгаад хүрээд ир гэж дуудсан.Төрийн ордонд ороход албан тушаал, нэрээ нууцалсан үл таних хүн ордны баруун хаалганы хажуу талын өрөөнд оруулаад энэ дээр гарын үсэг зур гэсэн бичгийг өгсөн. Тэгээд би энэ хоёр сарын хугацаатай нууцын гэрээ юу эсвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүдийг насан эцэс болтол нь хэрэгжих гэрээ юу гэж асуухад “Тэр чамд хамаагүй, чи зүгээр гарын үсгээ зурчих, дараа нь наад асуудал чинь хуулиараа зохицуулагдана” гэсэн. Нууцын гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд Оюу Толгой компанийн талаар нууц яривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Нууцын гэрээ байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн хугацаа дууссан ч насан туршдаа юу ч яриулахгүйгээр нүдийг нь хааж чихийг нь дүлий болгож байна.

– Оюу Толгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэгт УИХ-ын арван гурван гишүүн багтсан дээрх гишүүд гурван сарын хугацаанд ямар ажлуудыг хийв?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүд нууцын гэрээ байгуулчхаад зөвхөн гэрээний зүйл заалт, тоо баримтын араас хөөцөлдөж байна. Оюу Толгой ХХК-ийн 51 хувийг Монголын талд ард түмний мэдэлд авъя гэж нэг ч гэсэн гишүүн дуугарахгүй байгаа нь УИХ-ын эмгэнэл.

-Ажлын хэсгийн гишүүд 5-р сарын 24-нээс 25-ний өдрүүдэд Оюу Толгой компанид ажиллаад ирсэн. Тухайн газарт ажиллахад нөхцөл байдал хэр байсан бэ?

– Улаанбаатар хотыг 100 жил усаар хангах хэмжээний гүний усыг Оюу Толгой компани нь хэрэглээд дуусаж байгаа юм байна лээ. Ер нь тэнд байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдсан шинжтэй байсан.

Аливаа гэрээг ашигтай эсэхийг мэдэхийн тулд Монгол Улсын гурван сая иргэн Оюу Толгой компаниас сар бүр хувьцаа эзэмшиж байна уу? Гэсэн асуултаас харагдана.

Гэтэл есөн жилийн хугацаанд нэг ч хүн хувьцаа эзэмшээгүй, харин өрөнд орчихсон байдалтай л байна. Оюу Толгой ажлын хэсэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож гэрээгээ цуцлах ёстой. Оюутолгой компанийг Монгол Улсаас хөөх ёстой.

-Өнгөрсөн тавдугаар сарын 11-нд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон. Энэхүү хугацаанд ажлын явц удааширсан уу?

-Энэ сарын 23-нд Оюу Толгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг дүнгээ танилцуулна. Ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва ерөнхийдөө хэлбэрийн төдий ажиллаад байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа Монголын эрх ашиг, хариуцлага, сахилга бат ярьж байна. Ажлын хэсгийн ахлагч хирнээ намайг яагаад хуралд оролцуулахгүй байна вэ? Өнөөдөр ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д. Дамба-Очирыг чөлөөлөөд Д. Тэрбишдагвыг ахлагчаар томилж байгаа нь ажлын хэсгийн ажлыг царцааж байгаа нь шууд харагдаж байна. Шинээр томилогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод удаагүй байна гэдэг нэрийдлээр тодорхой ажлуудаас зугтааж таван дэд ажлын хэсгүүдтэй хуралдахдаа цай, кофетой л зууралдаж байгаа нь энэхүү ажлын хэсэг энэ сарын 23-нд өрөвдөлтэй Хонхны баяраа тэмдэглэх гэж байна.Оюу Толгой компанийг Монгол Улсаас хөөж гаргах хэрэгтэй. Энэ компани үнэхээр аюултай компани гэдэг нь олон зүйлээр нотлогдчихсон. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-нөөс энэ сарын 13-нд Оюу Толгойны Монгол дахь салбарын гадаа Оюу Толгойн гэрээг цуцлах, Монголоос хөөж гаргах асуудлаар суулт зарлана.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …