Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ энэ сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Хатан хаан II Элизабет нь Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм.
Элчин сайд Филип Малон ‘’Энэ жил 92 насны ойгоо тэмдэглэж буй Хатан хааны хувьд маш дурсамжтай жил тохиож байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Лондон хотноо ‘’Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Дээд Хэмжээний Уулзалт’’ болж 50 гаруй орны төрийн тэргүүнүүдийг тэрбээр хүлээн авч уулзсан. Мөн түүний зургаа дахь жич Хунтайж Луис мэндэлсэн.
Тэрбээр тавдугаар сард Сасэксийн Гүн болон Гүнгийн авхайтан нарын хуриманд оролцсон. Манай хоёр орны хувьд ч гэсэн энэ жил дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэж буйгаараа онцлог жил болж байна.
Их Британи улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс гэдгээрээ онцлогтой. Манай хоёр орон маш олон салбарт тэр дундаа тогтвортой хөгжил, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, хууль эрх зүй зэрэг салбаруудад түлхүү ажиллаж байна‘’ гэжээ.
ЭСЯ нь манай хоёр орны тал бүрийн хамтын ажиллагаа тэр дундаа аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрх, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудыг тус баярын үеэр онцлон тэмдэглэв.
Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиолдож буйгаараа онцлогтой ба ГХ-ны сайд Д.Цогтбаатар тус баярт хүндэт зочноор оролцон үг хэлэв.