Өмнөд Солонгосын төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан хийгээд гэр бүл салалт нэмэгдсэний улмаас шинээр төрж буй хүүхдийн тоо сүүлийн 12 сар дараалан буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын статистикийн газраас лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Энэ оны дөрөвдүгээр сард 27700 хүүхэд шинээр мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Жирэмслэх хамгийн өндөр магадлалтай хэмээн тооцогддог 33 настай эмэгтэйчүүдийн тоо өмнөх онтой харьцуулахад мөн 11 хувиар буурчээ.
Энэ оны нэгээс дөрөвдүгээр сарын байдлаар шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо 117300 байсан нь 1981 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байгаа ажээ. Шинээр гэр бүл бологсдын тоо 2.5 хувиар өссөн хэдий ч гэрлэлтээ цуцлуулсан хүмүүсийн тоо 10.1 хувиар өссөн байна.Тус улсад шинээр төрж буй хүүхдийн тоо буурч байгаа нь алсдаа хүн амд эзлэх өндөр настнуудын тоо нэмэгдэх, ажиллах хүчний тоо багасахад хүргэж, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх учир энэ нь Өмнөд Солонгосын эрх баригчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.