Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас Японы эзэн хаан Акихитогийн толгой нь эргэж, бие нь чилээрхсэн тул даваа гарагт оролцохоор төлөвлөөд байсан албан ёсны арга хэмжээнүүдийг нь цуцалсан тухай тус улсын Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
84 настай эзэн хааны бие шөнийн 4 цагийн үед тавгүйрхэж, түүний эхнэр Мичико ордны эмчийг дуудсан бөгөөд эмч түүнд Токио хотын төвд оршдог ордондоо амран, хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн байна. “Эзэн хааны биеийн байдал тийм ч хүнд биш байгаа тул санаа зоволтгүй” гэж Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.