Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд шаардлага хүргүүлж, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй билээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд долдугаар сарын 5-наас эхэлж дахин орон даяар ажил хаялт хийх болсон талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох”-ын төлөө зургаан сарын турш тэмцлээ. Үр дүнд нь өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээр”-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал гаргасаар өнөөдрийг хүрлээ. Бид ажил хаялт зарлах болсноо урьдчилан сануулж байна.
Нийслэлийн 98 эмнэлэг, аймгийн төвийн 21, сумын 88 эмнэлэг, нийт 207 эмнэлгийн 16611 эрүүл мэндийн салбарын ажилтнууд, ажил хаялт, зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Ажил хаялт зохион байгуулахтай холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь хална гэж сүрдүүлэх, түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудаас дарамт шахалт их үзүүлж байна. Гэсэн ч бид энэ тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид бидний хийж байгаа тэмцэл Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар тогтоох хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоохын төлөөх шударга тэмцэл. Үүнийг битгий улс төрийн башир аргаар харлуулаарай гэж хэлмээр байна.
Эмнэлгийн ажилчид Солонгос улс руу хар ажил хийхээр хэдэн мянгаараа явж байна. Энэ цаг үед нийслэл, орон нутагт хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт, Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хугацаа бага үлдэж байгаа шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Яаралтай тусламж, 103, гэмтэл, төрөх зэрэг байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах болно ” гэв.
Энэ үеэр Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа оролцож байр сууриа илэрхийлэв.
Тэрээр”МҮЭ-ийн холбоо гишүүдээсээ гаргасан шаардлагыг дэмжиж байна. Ажил хаялт амар хэрэгсэл биш, эцсийн бөгөөд хүнд хэлбэр. Эндээс гарах эрсдэлийг Монгол улсын Засгийн газар хүлээх ёстой.
Тэмцлийг мохоох, дарамт шахалт үзүүлэх явдлаа албан тушаалтнууд зогсоох хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрсдийнхөө цалин хөлсийг нэмүүлэх гэж тэмцээд байгаа юм биш. Салбараа аврах, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын төлөөх шударга тэмцэл гэдгийг хэлье” гэсэн юм.
Г.Нараа