Эрүүл мэндийн салбарын ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг маргааш 08:30 цагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр ажил хаялтыг түр зогсоох шийдвэр гаргасан талаар Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар“Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээн авч уулзсан.
Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24 заалтыг бүртгэж авснаа мэдэгдсэн. Тиймээс Ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.