Авто машины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Цагдаагийн хурандаа Х.Амгалан “Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэл ажил хийгдэж дууслаа. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн нийт 557 алба хаагч, мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Нийт уяачид, наадамчин олонд санамж бичгүүдийг тарааж, бэлтгэл ажлыг хангасан байгаа. Энэ жилийн баяр наадмаар морь дагах машинуудыг цөөлөх асуудалд их анхаарсан. 12-16 машин л морь дагана. Түрүү морины хашаа руу олон машин зэрэг оруулахгүй.Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн билеттэй, мандаттай хүнийг л нэвтрүүлнэ. Наадмын үеэр болох бусад арга хэмжээг зохион байгуулалттай ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Онцгой анхааруулах зүйлс байна. Баяр наадмын үеэр амарч байгаа хүмүүс бяцхан үрсээ хамаагүй гол руу явуулахгүй, хараа хяналттай байхыг анхааруулж байна. Баярын амралтын үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг зөвлөж байна.

Баяр наадмын үеэр хамгийн ихээр хулгайн гэмт хэрэг гардаг. Орон сууцны, халаасны гэх мэт хулгайн гэмт хэргүүд гардаг. Төв цэнгэлдэх хүрээлэнд хяналтын камер зэргийг сайн бэлдсэн. Гэсэн хэдий ч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.

Харин  баярын өдрүүдийнг замын хөдөлгөөний чиглэл, зохицуулалтын талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DK, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрөл олгож байна.

Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай газруудад байрлуулаад байна. Та бүхэн тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа иргэдийнхээ аюулгүй, ая тухтай байдлыг хангахад чиглүүлдэг. Энэ хүрээнд зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн.

Жишээ нь:Г төрлийн зөвшөөрлийг 2 байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайваны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дахь нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруга Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан.

Зөвшөөрөлгүй эсвэл олгогдсон зөвшөөрлийн бус талбай руу жолооч нар нэвтрэх үйлдлийг ихээр гаргадаг. Энэ нь бусад хөдөлгөөнд оролцогчид болон хөдөлгөөн зохицуулалтад ихээхэн хүндрэл учруулж, түгжрэл бий болох шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Баяр наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ.

Баярын өдрүүдэд ФМ 100.1, 100.5, 88.8, 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ” гэв.

Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар 600 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан мандатаа авсан.Энэ жил найман телевиз наадмыг шууд дамжуулна.Өмнө нь баяр наадмын мандатыг Хүй 7, Төв цэнгэлдэх гэж хязгаарладаг байсан. Харин энэ жил энэхүү хязгаарлалтыг больсон. Хэвлэл мэдээллийн ажилтнууддаа зориулж энэ жил Төв цэнгэлдэх, Хүй 7 худагт интернет сүлжээтэй, компьютертой өрөө тусгайлан бэлэн болгосон” гэдгийг Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …