“Starbucks” компани дэлхийн 75 оронд байрлах 28 мянган салбарынхаа нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг үе шаттайгаар бууруулан 2020 онд гэхэд нэг ч салбарт ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Тэд байгаль орчинд ээлтэй бизнесийг эрхэлж, далай, тэнгисийн бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Учир нь, газрын хөрс, далай тэнгис, гол мөрөнд хуванцар бүтээгдэхүүний хаягдал их хэмжээний бохирдол үүсгэж байгаа аж.
Их Британийн нэгэн судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар далайн эргийг цэвэрлэхэд хамгийн их илэрдэг хаягдлуудын тоонд хуванцар соруул багтдаг байна. Тус улсад жилд 8.5 тонн хуванцар соруул хаягдал болдог ажээ. Хуванцар соруул нь овор хэмжээ бага учраас дахин боловсруулахад хүндрэлтэй тул шууд хаягдал болдог байна. Тиймээс “Starbucks” компани хуванцар соруулын оронд биологийн задралд амархан ордог соруулгүйгээр уух боломжтой цаасан таглаа хийхээр туршиж байгаа гэнэ.