Онцгой байдлын ерөнхий газраас үерийн нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян “Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долдугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа.
2018 оны долдугаар сарын 10, 11, 15, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар бороо орсон бөгөөд Баян-Өлгий Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас их орсон.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1,566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татсан.
82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж “Мөнхийн тун” ХХК-аас 60 хүнд эм бэлдмэл тараасан.
Мөн Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд 1 гэр, Түвшинширээ суманд 6 гэр, 2 автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай авто замын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн.
Төв аймгийн Зуунмод суманд гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Борнуур суманд 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, гурван айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.
Тус аймгийн Борнуур сумын “Урьхан” орчмын авто замд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж. сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.
Ховд аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 16-ний өдөр усархаг бороо орсны улмаас Чандмань суманд зургаан айлын гэр үерт урссан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 17-ны өдөр 97 мм хэмжээтэй усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол үүсээд байна.
2018 оны долдугаар сарын 17-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт үер буусны улмаас тус дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр нэг хүн нас барсан бөгөөд шалтгаан нөхцөлийг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа” гэв.
Харин Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдлын талаар ЗТХЯ-ны Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Үерийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийг зам ашиглалтын компаниуд хариуцан хийгээд ажиллаж байна. Урьд шөнө Сүхбаатар аймагт үер бууж зургаан км орчим замын хөвөө эвдэрсэн. Тус замыг эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээж ажилладаг байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа” гэлээ.