2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэнэ

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд НБГын дарга Ж.Гантулга “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэсэн бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлнэ. Мөн хуучин хүүхдүүдийнхээ бүртгэлийг цахимаар баталгаажуулна.
Ингэхдээ хоёр настнуудыг бүгдийг бүртгэж, 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа эсэхээс хамааран бүртгэнэ. Сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс ороод харах боломжтой.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ. Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ 10, 11, 12 сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ.
Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжинэ.

Эхний үе шат буюу цахим бүртгэл  2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт  явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно.

Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэхийг бүртгэл хийлгэхдээ оруулсан гар утасны дугаараар зурвас илгээж мэдээлнэ.

Бүртгэл  http://Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхаараарай.

Мөн цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдлууд байгаа. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтана. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлнэ” гэлээ.

НМТГын инноваци системийн хөгжүүлэлтийн газрын дарга н.Батбилэг “Цахим бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд систем рүү ороод цэцэрлэг цэснээс танай харьяалагдах цэцэрлэгт хяналтын тоо байгаа эсэхийг харж болно. Ингээд бүртгэл цэсээр орж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистрийн дугаар болон гар утасны дугаараа оруулна. Таны бүртгүүлсэн гар утсанд 151510 тусгай дугаараас зурвасаар бүртгэлийн код очих бөгөөд бүртгэлийн дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …