“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр “Оюутолгой” ХК-ийн төв байранд мэдээлэл хийж Оюу толгойн уурхайн ордын ашиглалтын үйл явцаас хамаарч Монгол Улс, Монголын ард түмэн өрөнд орохгүй, цаашид өр үүсгэхгүй байх баталгааг тус компаниас гаргахыг шаардав.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “2018 оны зургадугаар сарын 25-ны өдөр Оюутолгой компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн төлөөллийг гүтгэсэн гэдэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Уурхай ухсан нүхэндээ цөмийн хог хаягдал хаях нь гүжирдлэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннарын оронд Оюутолгойн ТУЗ-д Ц.Түмэнцогт орсон.
Энэ хүнийг гүтгэж, биед нь халдсан зэрэг асуудлаар төлөөлөгчдийг шалгуулсан. Энэ асуудал прокурорын байгууллагад шилжсэн. Дээрх асуудлууд үнэхээр гүтгэлэг бол Оюутолгой компани үүнийг нотлох ёстой. Тиймээс Монгол Улсын ирээдүйд Оюутолгой компанийн төслөөс болж, ямар нэгэн өрөнд орохгүй гэсэн баталгаа, өрөнд орвол хөрөнгө оруулагч тал хариуцлагаа хүлээнэ гэдэг баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм” гэв
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүн А.Эрдэнэбаяр” Манай хөдөлгөөнөөс Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих “Бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийн хангах” ажлын хэсэгт орж ажилласан юм. Гэтэл бидний зүгээс тавьсан зарим асуудлыг компанийн зүгээс гүтгэлэг гэж үзэн улмаар компанийн нэр хүндэд халдлаа гэдэг үндэслэлээр өнгөрсөн зургадугаар сарын 25-нд биднийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан юм. Тэрхүү гүтгэлэг гэдэгт дөрвөн асуудал нь Оюутолгойн ажлын хэсэгт орж ажилласан иргэний хөдөлгөөний байгууллагуудын зүгээс тавьсан Оюутолгой ХК-ийн лицензийг Өмнөд Африкийн, эсвэл гадаадын аль нэг банкинд 100 хувь эрх шилжүүлж өгч Монгол Улсыг өрөнд оруулж байж болзошгүй гэсэн байсан юм.
Хоёрт, уурхайн хаалтын ажиллагаа дууссаны дараа буюу уурхайг ашигласны эцэст цөмийн хог хаягдлыг булах, эсвэл АЦС барих гэсэн асуудал байсан. Мөн биднийг Оюутолгой ХК-ийн ТУЗ-д орсон Ц.Түмэнцогт гэгч гишүүний биед халдаж дайрсан гэсэн байсан. Эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад гурван хоногийн дотор прокурорт шилжээд байна. Хэрэв бидний тавьсан асуудлыг гүтгэлэг гэж үзэж буй бол үүнийгээ Оюутолгой ХК-ийн зүгээс нотлох учиртай. Мөн компанийн зүгээс болж Монгол Улс, Монголын ард түмэн ойрын ирээдүйд өрөнд орохгүй гэсэн баталгааг гаргаж өгөх ёстой гэдэг үүднээс бид өнөөдөр тулган шаардах бичиг хүргүүлж байна” гэлээ.
Тэд шаардлагадаа Монгол Улсын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчиж буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг даруй цуцалж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6, 1-д заасны дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ.