Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жил цахим бүртгэлийг зөвхөн хоёр настай хүүхдүүдийн дунд явуулсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм.
Бүртгэл Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулсан байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Тиймээс иргэддээ бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстойг анхаарах шаардлагатай.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ. Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ 10, 11, 12 сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ.
Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжинэ.
Эхний үе шат буюу цахим бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно.
Таны хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэхийг бүртгэл хийлгэхдээ оруулсан гар утасны дугаараар зурвас илгээж мэдээлнэ.
Мөн цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдлууд байгаа. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтана. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлнэ.
Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 146,000 орчим хүүхэд байгаагаас 2018-2019 оны хичээлийн жилд 114,000 хүүхэд буюу 78 хувь нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдахаар байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний 143 төвд 2,106 хүүхэд хамрагдах боломжтой аж.